Канадад мэргэжлийн гурван уулчин цасан нурангийн улмаас амиа алджээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-22 16:15 GMT+8

Канадын Алберта мужийн “Banff” үндэсний паркийн “Howse” оргилын цасан нурангийн улмаас гурван мэргэжлийн уулчин амиа алджээ. Уулчдын цогцсыг олсон тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.

Австрийн иргэд болох 28 настай Дэвид Лама, 35 настай Хансйорг Ауэр болон Америкийн иргэн 36 настай Жесс Роскелли нар 3295 метрийн өндөртэй “Howse” оргилын зүүн талаас авирахаар оролдож байсан аж. Тэд гадуур хувцасны “North Face” брэндийн ивээн тэтгэдэг багийн тамирчид байжээ.

Мэргэжлийн уулчид өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болсон бөгөөд цаг агаарын хүнд нөхцлийн улмаас эрэн хайх ажиллагаа удаашраад байсан юм.

Тэд гурвуулаа уулын спортын алдартай тамирчид байжээ. Роскелли нь 2003 онд 20 настайдаа Эверестийн оргилд авирсан Америкийн хамгийн залуу хүнээр тодорч байв. Түүний аав Жон ч мөн уулчин байсан бөгөөд 1970-аад онд “Howse”-ийн оргилд гарч байсан аж.

Ауэрийн хувьд саяхан Пакистан улсын 7181 метрийн өндөртэй “Lupghar Sar” оргилд гарсан байжээ. Лама ч мөн авирахад хамгийн хэцүү оргилуудад гарсан нэр хүндтэй уулчин байв.

“Banff” үндэсний паркаас мэдэгдэл хийхдээ “Амиа алдагсдын ар гэрийнхэн, найз нөхөд, хайртай дотны хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлж байна” гэв.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ