Хойд Солонгосын удирдагч ОХУ-д айлчилж Владимир Путинтэй уулзана

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-23 12:45 GMT+8

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ-д айлчлах болсон тухай “KCNA” агентлаг мэдээллээ.

Хэдийгээр хоёр удирдагчийн дээд хэмжээний уулзалтын тов хараахан тодорхой болоогүй ч дөрөвдүгээр сарын сүүлээр Владивостокт уулзах төлөвтэй байгааг Кремлиний талаас мэдэгдэв.

Зөвлөлт холбоот улс задран унахаас өмнө хоёр улсын эдийн засаг болоод соёлын хамтын ажиллагаа гүнзгийрсэн байв. Зөвлөлт холбоот улс нь Хойд Солонгосын хамгийн найдвартай түншүүдийн нэг байсан юм.

Төмөр хөшиг буюу хүйтэн дайн дууссаны дараагаар Хойд Солонгос Оросын хувьд нэг их анхаарал татахаа больсон. ОХУ-ын зүгээс тус улсад тусламж, дэмжлэг үзүүлэх онцгой шаардлага байгаагүй юм.

ОХУ болон барууны орнуудын харилцаа 2000 оноос муудаж эхэлсэн билээ. Сөүлийн “Kookmin” их сургуулийн профессор Андрей Ланков “Энэ үед Москвагийн ар тал болох улс байх нь зүй ёсны хэрэг. ОХУ-ын талаас дайсны дайсан бол манай найз гэх логиктой бодлого баримталж байна” хэмээн тайлбарлажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар хоёрдугаар сард Вьетнамын Ханойд Хойд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар дээд хэмжээний уулзалт хийсэн. Гэхдээ талууд хэлэлцээрт хүрч чадалгүй зогсонги байдалд ороод байгаа юм.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ