ЖҮДО: Л.Отгонбаатар тивийн аварга боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-23 13:04 GMT+8

АНЭУ-ын Фужайра хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ 3 дахь өдрөө амжилттай үргэлжиллээ. Манай жүдочдын хувьд эхний 2 өдрийн дараах байдлаар 7 медаль хүртээд байсан бол өчигдөр буюу тэмцээний 3 дахь өдөр хүнд жингийн барилдаанууд болсон юм. Энэ өдөр манай тамирчдаас 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хошой хүрэл медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар -100кг-ийн жинд түрүүлж, анх удаа Азийн аварга болжээ.

Энэ жинд нийт 21 жүдоч хүч үзсэн бөгөөд Л.Отгонбаатар нийт 4 барилдахдаа бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө цэвэр ялсан байна. Өчигдөр мөн эрэгтэйчүүдийн -90кг-ийн жинд Э.Мөнхжаргал, +100кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78кг-ийн жинд Г.Сэржмядаг, +78кг-ийн жинд Э.Гандиймаа нар барилдсан ч хараахан медаль авч чадсангүй.

Ийнхүү манай тамирчид энэ удаагийн Азийн АШТ-ээс хувийн төрөлд 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авснаар нийт 39 орны баг тамирчдаас 2-т жагсаж байна. Жүдогийн эх орон Япончууд 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальтай тэргүүлж байгаа юм. Өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан болсноор Азийн АШТ өндөрлөнө.

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ