Татварын багц хууль хэрэгжсэнээр татвар төлөгчдийн төлөх татвар буурна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-05-07 16:35 GMT+8

Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар

  • Татварын ерөнхий хууль,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,
  • Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг батлуулсан.

Эдгээр хуулийг батлахад Татварын ерөнхий газар Сангийн яамтай хамтран ажилласан. Дээрх хуулиуд хэрэгжсэнээр татвар төлөгчийн төлөх татварын хэмжээ буурч, эрх ашиг илүү хамгаалагдах бол татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4 хувь нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байжээ.

Эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй

Тэгэхээр манай нийт ААНОАТ төлөгчдийн 96.6% нь 1 хувиар албан татвар төлөх болж байна. Олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж, төлөөд дараа нь буцаан авах тогтолцоог бүх татвар төлөгчид нэвтрүүлэхэд хүндрэлтэй. Иймд зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 9 хувийг буцаан авах замаар 1 хувиар албан татвар төлнө.

300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчид шууд 1 хувиар албан татвар төлнө. 2018 онд татвар төлсөн дүнгээс тооцоолол хийж үзвэл, ийнхүү 1%-иар албан татвар төлөх болсноор 39.2 тэрбум төгрөг, 25%-иар албан татвар төлдөг татвар ногдуулах орлогын босго 3 тэрбум байсныг 6 тэрбум болгож нэмэгдүүлснээр 50 тэрбум төгрөг татвар төлөгчид үлдэж, энэ хэмжээгээр төлөх татварын хэмжээ буурна гэж ТЕГ-ын дарга Д.Заяабал онцолсон юм. Тэрээр өчигдөр нээлтээ хийсэн, татвар төлөчдийн өдрийг нээхдээ дээрх мэдээллийг өглөө.  

Шинэ хуулиуд ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр татвар төлөгчийн эрх ашгийг илүү хамгаална. Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтыг нэвтрүүлэх асуудлыг хуульчилснаар зөвхөн “эрсдэлтэй” гэж үзсэн татвар төлөгчийн тайлагнал  үнэн зөв эсэхийг тогтоох татварын хяналт шалгалт хийнэ.

Харин эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтад хамруулахгүй. Түүнчлэн татвар төлөгчид хийсэн татварын хяналт шалгалтын дүнд “шийтгэлийн хуудас” биш “татварын нөхөн ногдуулалтын акт” бичдэг болсон нь татвар төлөгчийн дутуу тайлагнасан албан татварын зөрчлийг прокурорын байгууллага хянахгүй, зөвхөн татварын байгууллага шийдвэрлэдэг болж байна.

Татварын маргаан таслах зөвлөл 2 шатлалтай байсныг цөөрүүлж, нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсныг 4 жил болгосон, татварын өр төлөх хугацааг 2 сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болж нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн 2 дахь шатны шинэчлэлд тусгасан.

Татвар төлөх үүргээ биелүүлэхэд хялбар болно. Хуучин жилийн 30 сая төгрөгийн орлоготой компани нь жилийн 30 тэрбум төгрөгийн орлоготой компанитай адил жилд 4 удаа татварын тайлан тушаадаг байсан бол жижиг болон дунд хэмжээний татвар төлөгчид жилд 2 удаа, харин бичил татвар төлөгчид жилд 1 удаа татварын тайлангаа тушаах нөхцөл бүрдэж байна. Мөн татварын тайланг дараагийн татварын жилд залруулах, тушаасан татварын тайланд боловсруулалт хийж, зөрүүг ажлын 3 хоногийн дотор залруулах тухай зөвлөмжийг өгч ажилладаг болсноор татвар төлөгч татварын үүргээ биелүүлэхэд хялбар болж байгаа юм.

Татварын алба ил тод болно. Татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг мэдээллийн технологид суурилах зарчмаар хангах болно. Түүнчлэн татварын алба анх удаа татвар төлөгчийн хүсэлтээр татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргахаар боллоо.

Түүнчлэн “олон улсын татварын хамтын ажиллагаа”-г хуульд тусгайлан тусгаж өгснөөр татвараас зайлсхийхтэй тэмцэх, бусад улсын татварын албатай мэдээлэл харилцан солилцох, татварын маргааныг шийдвэрлэх харилцан тохирох журмыг хэрэгжүүлэх асуудлыг хэрэгжүүлэх болж байгаа нь татварын албыг бусад улсын татварын албатай илүү хамтран ажиллахыг шаардаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 94 санал өгсөн байна.

Дээшээ