Арилжааны 14 банкинд татварын орлого төвлөрүүлдэг 20-45 данс байсныг хаажээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-05-08 08:05 GMT+8

Гуравдугаар сарын 01-нээс арилжааны 14 банкинд татварын орлого төвлөрүүлдэг 20-45 данс байсныг ТЕГ хаажээ. Төрийн санд төсвийн ангилал, татварын төрлөөр татварын орлогын 5137 данс нээж, татварын орлогын нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлсэн бйна.

2016 онд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж, цахим төлбөрийн баримт буюу и-баримтын системийг анхлан нэвтрүүлсэн. Ингэснээр 807,270 татвар төлөгч иргэн энэ системд төлбөрийн баримт бүртгүүлэн, сугалаанд хамрагдаж, НӨАТ-ын урамшууллыг авч байна. Тэд татварын албатай 100% цахимаар харилцдаг болсон нь иргэн татварын алба хоёрын цахим харилцааны том суурь болов.

itax.mta.mn системээр татвар төлөгч татвар төлсөн тодорхойлолт, төв замын зөвшөөрөл, санал, гомдол гаргах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авна.

Татварын албаны мэдээллийн системийг орчин үеийн технологийн шийдлээр шинээр боловсруулж, одоогийн алба бүрт байгаа татварын мэдээллийн санг нэгдсэн вэб хандалттай, ТАТВАРЫН УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ-д (ТУНС) шилжүүлэх зорилтыг 2017 онд эхлүүлжээ. 2018 онд зарим дүүргийн татварын хэлтэст туршиж, энэ оны 01 сарын 21 -ээс 03 сарын 01 хүртэл  татварын бүх албадад хуучин програмтай  зэрэгцүүлэн ашиглаж байна.

Мөн нэхэмжлэлд суурилсан татварын цахим төлөлтийн системийг иж бүрнээр нэвтрүүллээ гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв. Ингэснээр татвар төлөгч татварын албанд ирэлгүй үйлчилгээг цахимаар авах, татварын ил тод байдлыг хангах, өөрийнхөө мэдээллийг бүрэн харах, хянах боломжийг бүрдүүлэх эхлэлийг тавьсан байна.

ТУНС нь itax.mta.mn, e-tax.mta.mn, ebarimt.mn болон Монгол банк, арилжааны банк, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системтэй холбогдсон. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага татвар төлөгчөөр бүртгүүлэх, татварын төрлийн бүртгэлд бүртгүүлэх, татварын нэхэмжлэх харах үүсгэх, татварын өрийн үлдэгдлийг харах, хянах, иргэн нууц үг солих, татвар төлөгч мөн эсэхийг шалгах, татварын албанд төлөлт, тайлан, бүртгэлтэй холбоотой хүсэлтийг цахимаар илгээх, хариуг гар утас майл хаяг болон цахим системээр авч байна.

ТУНС-ийн үлдсэн модулийн хөгжүүлэлтийг 2019.06.01, шинээр батлагдсан   татварын шинэ хууль, журам, зааврын дагуу нэмэлт хөгжүүлэлтийг 2019.10.01, системийн туршилт сайжруулалтыг 2019.12.31 гэсэн хугацаанд дуусган, 2020.01.01-нд бүрэн нэвтрүүлнэ.

Системийг нэвтрүүлсэн хугацаанд татвар төлөгчийн 140920  хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэн, 194 мянган татвар төлөгчийн 950,8 мянган гүйлгээний 943,0 тэрбум төгрөгийн татварын орлогыг татварын системд тухай бүр бүртгэжээ.

Татвар төлөгчид 

  • 2018 оны жилийн эцсийн 779,0 мянган, 
  • 2019 оны 324,3 мянган тайланг цахимаар илгээжээ.

ТУНС-ийн нэвтрүүлэх явцад татвар төлөгчид сургалт зохион байгуулах, таниулах ажлыг хийснээс хүндрэлтэй асуудлууд шийдвэрлэн, тухай бүр сайжруулж ирлээ. Тухайлбал системд нэхэмжлэл үүсгэн, улсын тэмдэгтийн хураамж төлөх нь иргэдэд хүндрэлтэй байсныг тогтмол нэхэмжлэлийн дугаараар шууд банканд төлөх, иргэдэд зориулсан itax.mta.mn-г хөгжүүлэн нэвтрүүлсэн. Энэ системээр татвар төлөгч татвар төлсөн тодорхойлолт, төв замын зөвшөөрөл, санал, гомдол гаргах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авна.

Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх эхний шатанд нийт 24 модулиас татварын бүртгэл, тайлан боловсруулалт, татварын орлогын бүртгэл, татварын тооцоолол, өр барагдуулах зэрэг таван модулийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж байна. Зөвхөн эдгээр таван модулийг нэвтрүүлснээр жилд 22.6 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэх тооцоотой байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 103 санал өгсөн байна.

Дээшээ