Дэлхийн хоёрдугаар дайн Европт биш, Халх голд эхэлсэн гэж судлаачид үздэг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-14 09:50 GMT+8

БИД ЭНЭ ДАЙНЫ ТҮҮХЭЭС ТУСГААР ТОГНОЛЫНХОО ҮНЭ ЦЭНИЙГ МЭДРЭХ ЁСТОЙ

Шинэ үеийн Монголын зэвсэгт хүчний түүхэнд тодоор бичигдэн үлдсэн нэгэн үйл явдал бол Халх голын дайн. Тэртээ 1939 онд эх орны зүүн хязгаарт өрнөсөн энэ дайнд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтран тулалдаж, баатарлаг ялалт байгуулснаас хойш 80 жил өнгөрчээ. Энэ дайнд Монгол, Зөвлөлтийн тал ялалт байгуулсан учир шалтгаан, ялалтын хожмын үр дүн ямар байсан талаар Түүх архелогийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Мягмарсамбуутай ярилцлаа.

-Халх голын дайны 80 жилийн ой энэ онд тохионо. Одоогоос 80 жилийн өмнөх нөхцөл байдал  руу эргээд очъё л доо. Тухайн үед дайн тулаандаа хүрэлгүй, яриа хэлэлцээрээр асуудлыг шийдэх боломж хэр байсан бол?
-Халх голын дайн гарахгүй байх боломж байсан уу гэдгийг одоо тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ дайн гэдэг зайлшгүй зүйл биш шүү дээ. Дайн бол улс төрийн бодлогын үргэлжлэл гэсэн онол бий. Халх голын дайн ч гэсэн их гүрнүүдийн улс төрийн бодлогын үргэлжлэл байсан. Энэ үүднээс авч үзвэл дайныг өдөөсөн улс орнууд хоорондоо ярилцаад, асуудлыг энхийн замаар шийдэх гарц байсныг үгүйсгэх аргагүй.

Монголын цэргийн түүхэнд энэ үеийг цэргийн шинэчлэлийн үе гэж тэмдэглэдэг.

1935 оны нэгдүгээр сарын 31-нд Япон, Манжийн цэрэг манай хил рүү цөмрөн довтолж, халхын сүмийг эзэлж авсан байдаг. Энэ үеэс эхлээд Монгол, Манжийн хилийн будлиан гэдэг асуудал гарч ирсэн юм. Энэ асуудлыг ярилцаж шийдвэрлэе гэдэг санаачилга ялангуяа БНМАУ-ын зүгээс их гарсан. Монголын төр засаг тухайн үед юуны түрүүнд дайн дэгдээхийг хүсээгүй. Тийм ч учраас хил дээр байгаа цэргүүддээ түрүүлж гал нээж, байдлыг хүндрүүлэхгүй байх тушаал өгдөг байсан.

Халхын сүмийг эзэлж авснаас үүдэлтэй хилийн маргааныг зохицуулах Монгол, Манжийн хэлэлцээ 1935 оноос эхэлсэн. Хэдийгээр БНМАУ, Манжийн төлөөлөгчид уулзаж байгаа ч тэдний ард ЗХУ, Япон байж, дээрээс удирдан чиглүүлдэг байсан. Тиймээс энэ хэлэлцээ нэг их удалгүй тасалдсан. Хэрэв тухайн үед Монгол, Манжийн бага хурал амжилттай болсон бол халх голын дайн дэгдэхгүй байж болох байсан гэж зарим судлаач үздэг.

-Тухайн үед манай улсын цэрэг, зэвсгийн хүчин чадал ямархуу байсан бол?
-Ер нь 1930-аад оноос хойш Монгол Улсын баруун, зүүн хязгаар маш хүнд нөхцөлд байсан. 1932 онд Японы Квантуны арми Хятадын зүүн хойд нутгийг эзэлж аваад Манж Го гэх улс байгуулсан. Ингэснээр Монгол орны дорнод хязгаараар хиллэсэн 30 гаруй сая хүн амтай улс бий болсон юм. Энэ үеэс эхлээд Япон, Манжийн зүгээс Монголын хил рүү жижиг жижиг өдөөн хатгалгууд хийж эхэлсэн.

Нөхцөл байдал ярвигтай болж ирсэн учраас төр засгийн зүгээс улсынхаа батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх талаар томоохон бодлого, зорилт дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн. Ялангуяа 1934, 1935 оноос Монгол ардын хувьсгалт цэргийг (МАХЦ) хүн, зэвсэг техникээр өргөтгөх, бэлэн байдлыг нь дээшлүүлэх арга хэмжээ авч байлаа. Энэ үед Монгол Улсын батлан хамгаалах хүч чадал нэлээд бэхэжсэн байдаг.

Монголын цэргийн түүхэнд энэ үеийг цэргийн шинэчлэлийн үе гэж тэмдэглэдэг.

Нөгөө талаас ЗХУ-тай батлан хамгаалах харилцаагаа өргөжүүлэх бодлого баримталж байлаа. Энэ үндсэн дээр 1936 онд харилцан туслалцах гэрээ байгуулж, Зөвлөлтийн цэрэг анх удаа Монголд ирж байрласан. Харамсалтай нь, 1937 оны их хэлмэгдүүлэлтийн уршгаар МАХЦ-ийн байлдах чадвар үлэмж суларсан. Ялангуяа цэргийн удирдах дарга нарын ихэнх нь хэлмэгдүүлэлтэд өртсөн. Гэсэн хэдий ч МАХЦ эх орноо батлан хамгаалах шийдвэр төгс байсан, үүнийхээ төлөө ч тэмцэж ирсэн. 1936-1939 оныг хүртэл Япон, Манжийн талаас удаа дараа халдан довтолж, өдөөн хатгалга хийж байсан. Тэр бүрт МАХЦ няцаалт өгч байсан юм.

-Халхын голын дайныг хэдэн үе шатад хувааж үздэг вэ. Эхэн үе, дунд хэсэг, төгсгөлийн үедээ нөхцөл байдал ямар байсан бол?
-Нэгдүгээрт, тавдугаар сарын байлдаан. Ялангуяа тавдугаар сарын 28-ны байлдаан маш хүнд ширүүн болсон. Маргааш нь Монгол, Зөвлөлтийн цэрэг хариу давшилтад орж, Япон, Манжийн цэргийг хил хүртэл хөөж гаргасан. Зургадугаар сард бол газраар том ширүүн байлдаан бараг болоогүй. Энэ сард хоёр тал агаарын байлдаан их хийсэн. Ялангуяа зургадугаар сарын 22-ноос хоёр талаас нэлээд олон тооны онгоц оролцсон ширүүн тулаанууд болж байлаа.

Харин долдугаар сарын 2-ны шөнө Япон, Манжийн цэрэг халхын голыг гаталж, Баянцагааны даваанд гарч ирсэн. Энэ өдөр дайсны тал өргөнөөрөө таван км орчим газар хориглолтод орж  байлдсан. Энэ бол Япон, Манжийн цэрэг халх голын баруун талд гарч байлдсан анхны тохиолдол. Энэ сард халх голын зүүн талд хоёр талаас их хүч хаясан байлдаан цөөнгүй болсон.

Жуков Халх голын дайны туршлагаараа дэлхийн II дайнд амжилт гаргасан

Үндсэндээ долдугаар сарын сүүл хэсгээс Япон, Манжийн цэрэг хориглолтод бүрэн шилжсэн. Харин Монгол, Зөвлөлтийн тал энэ үед давшилтад маш нууцаар бэлдэж байлаа. Ингээд наймдугаар сарын 20-ны үүрээр шийдвэрлэх давшилтад орсон. Үүнийг түүхэнд Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт гэж нэрлэдэг. Энэ давшилт наймдугаар сарын 30 гэхэд үндсэндээ дууссан. Энэ хугацаанд Япон, Манжийн цэргийг халхын голоос улсын хил хүртэлх хэсэгт бүсэлж, устгах байлдааны ажиллагаа явагдсан юм. Дээрх давшилтын үр дүнд Квантуны армийн гол хүч бүрэн цохигдож, халхын голын дайн манай ялалтаар өндөрлөх нь үндсэндээ тодорхой болсон.

Гэхдээ түүхэнд есдүгээр сарын байлдааныг бас нэг хэсэг болгон авч үздэг. Халхын голын зүүн талд ялагдал хүлээсэн Квантуны армийн удирдлага урагш чиглэлээ өөрчлөн Мана уул, Нөмрөгийн голоор байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн юм. Улмаар есдүгээр сарын 16-нд Москва хотноо хоёр тал гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар энэ дайн дууссан түүхтэй.

-Монгол, зөвлөлтийн тал энэ дайнд ялсан гол учир шалтгаан юундаа байсан бол. Үнэхээр хүн хүч, зэвсэг техникийн тал дээр илүү байв уу. Эсвэл зөв арга тактикаар тулалдсан нь ялалтад хүргэсэн үү?
-Халхын голын дайнд нийт 110 мянга орчим цэрэг оролцсоны 57 мянга нь Монгол, Зөвлөлтийн цэрэг байсан. Ерөнхийд нь аваад үзвэл хүн хүч, зэвсэг техникийн тал дээр аль нэг нь илт давуу байсан гэж хэлэх боломжгүй. Ялалтын гол үндэс нь юу вэ гэдгийг судлаачид олон янзаар тайлбарладаг. Монголд байсан Зөвлөлтийн 57-р арми энэ дайнд оролцсон юм. Зөвлөлтийн армийн дээд удирдлага 1939 оны тавдугаар сарын сүүлчээр Беларусийн цэргийн тойргийн командлагчийн орлогч Г.Жуков тэргүүтэй тусгай комиссыг халхын голд томилж ирүүлсэн. 

Энэ комиссынхон 57-р армийн удирдлага дайны эхний үед тодорхой алдаа гаргасан байна гэж дүгнэсэн. Тиймээс 57-р армийн командлагч Фекленког өөрчилж, оронд нь Жуковыг томилсон юм. Жуков ирээд армийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, хүн хүч, зэвсэг техникийг өргөжүүлж, удирдлагын шат дамжлалыг багасгасан.

Нөгөө талаар халх голын дайны үеэр Г.Жуковын жанжны авьяас чадвар тодорсон гэж ярьдаг. Энэ яах аргагүй үнэн. Ер нь наймдугаар сарын 20-30-ны хооронд болсон их давшилт дайны хувь заяаг шийдлээ шүү дээ. Тэгвэл энэ давшилтыг Жуков жанжин маш нууц байдалд зохион байгуулж чадсан юм. Монгол, Зөвлөлтийн тал ойрын үед давшихгүй юм байна, удаан хугацааны хориглолтод шилжих нь, энэ байдлаараа өвөл ч хүргэж магадгүй гэсэн ойлголт төрүүлэхүйц хууран мэхлэх аргыг хэрэглэсэн. Тэгэхээр халхын голын дайнд Монгол, Зөвлөлтийн тал ялалт байгуулсан гол үндэс нь цэргийн удирдлагын уран нарийн арга байсан гэдэгтэй судлаачид санал нийлдэг.

-Монголчууд дайнд ялсан хэрнээ газар нутгаасаа алдсан байдаг. Энэ талаар тодорхой тайлбарлаж өгөөч?
-Олон улсын харилцаа талаа бодвол бид нэгэнт болоод өнгөрсөн юмыг эргэн сэдрээж, ямар нэг хүндрэлтэй асуудал үүсгэх нь зохимжгүй. Есдүгээр сарын 16-нд хоёр тал гал зогсоох хэлэлцээ байгуулсан гэж би түрүүн хэллээ. Яг тэр үед хоёр тал Мана уулын хавьд байлдаж байсан юм. Тэр хэлэлцээ ёсоор хоёр тал яг байрлаж байгаа газартаа хориглон хамгаалж үлдэнэ гэж заасан. Дараа нь яг тэр газраараа хилийн зааг тогтооход Мана уул хилийн цаана үлдсэн явдал бий. Бид энэ түүхийг мэдэж байх ёстой. Гэхдээ асуудал болгож яриад байх зүйл биш болов уу.

-Халх голын дайны дэлхийн хоёрдугаар дайнд үзүүлсэн нөлөө хэр байдаг вэ?
-1990-ээд оноос хойш халхын голын дайнд хандах судлаач, түүхчдийн хандлага өөрчлөгдөж байна. Үүний үр дүнд судлаачид тодорхой санал дүгнэлтэд хүрч байгаа.

Халхын голын дайнд Монгол, Зөвлөлтийн цэрэг ялалт байгуулснаар Японы Квантуны арми БНМАУ-ыг эзэлж авах, цаашлаад ЗХУ руу халдан түрэмгийлэх төлөвлөгөөнөөсөө ухрахаас аргагүйд хүрсэн. Хэрэв япончууд халхын голд ялалт байгуулсан бол ЗХУ-ын хоёр талаас герман, Японы арми зэрэг дайрах нөхцөл үүсэх байв. Энэ тохиолдолд дэлхийн хоёрдугаар дайн яаж төгсөхийг төсөөлөх арга алга. Харин Японы арми халх голд ялагдсанаар эх газраар эзлэн түрэмгийлэх бодлогоосоо татгалзахад хүрч, Зүүн өмнөд Ази руу далай тэнгисийн байлдаан явуулах зам руу шилжсэн.

БНМАУ-ын хувьд мэдээж газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн нь маш том түүхэн ач холбогдолтой үйл явдал.

Хоёрдугаарт, ЗХУ хоёр фронтод зэрэг байлдах аюулаас аврагдсан гэж судлаачид үздэг. Ингэснээр Зөвлөлтийн армийн дээд командлал гол хүчээ баруун зүгт Европ руу бүрэн хандуулах таатай боломж бүрдсэн юм.

БНМАУ-ын хувьд мэдээж газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн нь маш том түүхэн ач холбогдолтой үйл явдал. Судлаачид энэ бүхнээс үндэслээд халхын голын дайн бол дэлхийн хоёрдугаар дайнд томоохон нөлөө үзүүлсэн үйл явдал гэж дүгнэдэг. Түүгээр ч үл барам халхын голын дайн бол дэлхийн хоёрдугаар дайны эхлэл юм гэдэгт судлаачид санал нийлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны есдүгээр сарын 1-нд Европт биш, тавдугаар сард Монголын халхын гол орчимд эхэлжээ гэдэгт Монголын түүхч, судлаачид санал нэг байгаа. Америк тэргүүтэй бусад улсын судлаачид ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөг.

Нөгөө талаар халхын голын дайн цэрэг, зэвсгийн тал дээр маш их ач холбогдолтой үйл явдал болсон. Монгол, Зөвлөлтийн арми халхын голын байлдааны туршлага дээр үндэслэн цэрэг армийнхаа зохион байгуулалт, сургалт бэлтгэлийг өөрчилж, чанаржуулсан байдаг. Зөвлөлтийн арми энэ дайнаар маш том туршлага хуримтлуулсан. Европ тивд өрнөсөн тэр том дайныг удирдсан Жуков жанжин халхын голын дайнаас л тодрон гарсан шүү дээ. Жуков жанжин халхын голын дайнаас олж авсан туршлагаараа дэлхийн хоёрдугаар дайнд амжилт гаргасан гэдэгт судлаачид санал нийлдэг.

-Халхын голын дайны 80 жилийн ой энэ онд тохионо. Энэ дайны утга учир, түүхэн үнэнийг залуу хойч үедээ ойлгуулж, мэдүүлэхийн тулд бид юу хийх ёстой бол?
-Ойн хүрээнд хийх юм мэдээж их бий. Бэлтгэл ажил эхнээсээ хийгдэж байна. Ой дөхөхөөр улам том ажлууд өрнөх байх. Үүнтэй холбогдуулж хоёр юм хэлмээр байна. Нэгдүгээрт, бид түүхээ зөвөөр таньж мэдэж, нийтээрээ нэг ойлголттой болмоор байна.

Цэргийн удирдлагын уран нарийн арга дайны ялалтад чухал нөлөө үзүүлсэн

Яагаад ингэж яриад байна вэ гэвэл, энэ бол дэлхийн хоёрдугаар дайны салшгүй нэг хэсэг. Жирийн нэг жижиг байлдаан биш дайн байсан юм гэдгийг түүхчид олон талаас нь нотолж, нэгдсэн нэг ойлголттой болчихлоо. Гэтэл нийгмийн ухамсрын түвшинд, төр засгийн бодлогын түвшинд өөр юм яриад байна. Тухайлбал, халхын голын дайны ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолд халхын голын байлдаан гэж нэрлээд байна. Байлдаан, дайн хоёрын хооронд асар том ялгаа байгаа шүү дээ. Дайн гэдэг том хүрээг хамардаг бол байлдаан нь дайны дотор багтдаг, жижиг цэргийн ажиллагаа. Тиймээс энэ асуудал дээр нэгдсэн нэг ойлголттой болмоор байна.

Хоёрдугаарт, бид энэ дайны түүхээс тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэдрэх ёстой. Тусгаар тогтносон энэ сайхан Монгол орон хэзээнээс байсан мэт ойлгодог. Гэтэл энэ тусгаар тогтнол чинь асар их үнээр олдсон юм. Зөвхөн халхын голын дайныг авч үзвэл бүтэн дөрвөн сар үргэлжилж, олон мянган цэрэг эрс амиа алдсан. 1935-1939 оны хоорондох жижиг тулгаралтуудыг оруулж тооцвол бараг дөрвөн жилийн турш үргэлжилсэн дайн байх нь. МАХЦ энэ дайны явцад мянгаад цэргийн хохирол амссан гэдэг. Энэ бол бага тоо биш.

Нөгөө талаар дайнд баатарлаг гавьяа байгуулсан монгол цэрэг асар их байна. Ахмад дайчдын дурсамж, түүхийн баримтуудыг уншиж байхад монгол цэргүүд халхын голд баатарлаг гавьяа байгуулж, эх орныхоо төлөө амиа хайрлалгүй тэмцэж байсан нь нүдэнд ил байдаг. Энэ гавьяаг үнэлсэн нь бий, үнэлээгүй нь ч байна. Түүхийн нугачаан дунд хүртвэл зохих алдар гавьяагаа хүртэж чадаагүй өнгөрсөн хүн цөөнгүй байна. Энэ чиглэлээр цэргийн дээд удирдлага болон төр засагт санал гаргадаг хүн олон бий.

Манай нутгийн тэр хүнд улсын баатар цол олгоё гэх мэт хүсэлт их ирдэг. Төр засгийн зүгээс үүнд “Баатар цолыг нэхэж өгөхөө больсон” гэж хариулдаг. Энэ бол миний хувьд тун харамсалтай хэрэг. Мэдээж халхын голын дайнд оролцсон хүн бүрт баатар цол өгье гэж болохгүй. Гэхдээ үнэхээр баатарлаг гавьяа байгуулсан хэрнээ чимээгүй мартагдаад өнгөрсөн хүмүүсийн зохих гавьяа шагналыг нь өгөхгүй байна гэдэг тэр хүмүүсийн гавьяаг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэж байгаа хэрэг. Тиймээс төр засаг түүхт ойн хүрээнд энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсдэгээ танай сониноор дамжуулж хэлье.

Г.Баярсайхан

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ