Нийслэлийн иргэдийг нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-15 09:10 GMT+8

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай А/320 дугаар захирамжийн дагуу нийслэлийн иргэдийн дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийхээр боллоо. Аяны хүрээнд нийслэлийн 152 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд дотор, мэдрэл, зүрх судас, ахмад настан, хүүхэд, нүд, чих хамар хоолой, хавдар, сүрьеэ, эмэгтэйчүүд зэрэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийж байна. 

Мөн ЭХО, рентген, зүрхний бичлэг зэрэг багажийн шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар чихрийн шижин, хөх умайн хүзүүний өмөн, хавдар, БЗДХ зэргийг илрүүлэх цусны шинжилгээнд иргэдийг хамруулж эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байна. 

Энэ сацуу иргэдийн дунд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг идэвхижүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг нь сайжруулах, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох, яаралтай үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хийх талаар сургах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар артерийн даралт ихдэх өвчний эрт илрүүлгийн үзлэгийн хувийг 70 хувь, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийг 60 хувьд хүргэх, зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 промиль, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 12 промильд хүргэх, сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн хамралт болон эмчилгээний амжилтын хувийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой ажээ.

Түүнчлэн нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт үед нь илрүүлэх, эмчилж эрүүлжүүлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, эмчийн хяналтыг сайжруулснаар эрүүл хүүхэд төрөх боломжийг нэмэгдүүлэх юм.

Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд үргэлжлэх “Эрүүл иргэн” аяны хүрээнд 2019 онд нийт 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Тус аяныг зохион байгуулснаар хүн амын дундах өвчлөл, эндэгдлийг бууруулах, ялангуяа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр дамжуулан халдварт халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.   

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд ч дүүргийн эрүүл мэндийн төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэх гэж цаг заваа алдалгүй, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой гэж НЭМГ-аас мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ