Г.Ариунтуяа: Уралдах тусам өөрийгөө улам голдог

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-05-16 15:50 GMT+8

БИ УРАЛДААНЫ МАШИНТАЙ СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ БАЙНГА “ЯРИЛЦДАГ”

Монголын авто спортын УАЗ ангилалд ягаан имижтэй, 84 дугаартай тамирчин уралдаж эхэлсэн нь Мастер кросс уралдааны анхны эмэгтэй тамирчин Ганбатын Ариунтуяа юм.

Аавынхаа өвөр дээр залуур атган, уралдаж байна хэмээн мөрөөдөж явсан бяцхан охины хүсэл тэмүүлэл түүний ааваас эхтэй. Ариунтуяагийн аав Ганбат 1990-ээд оны дундуур энэ ангилалд уралддаг байсан цөөн ахмад тамирчны нэг. Мөн Батлан хамгаалах яамны харъяа Алдар спорт нийгэмлэгийн дугуйн спортын ОУХМ, дугуйн спортын урдаа барьдаг тамирчдын нэг гэдгээр спорт сонирхогчид мэднэ. Ариунтуяагийн ээж ч дугуйн спортын тамирчин. Тамирчин ээж, аавын охин анх 12 настайдаа УАЗ 469 машиныг хөдөлгөж аавыгаа даган ойр зуур бэлтгэл хийсээр байжээ.

Энэ нь түүнийг эрчүүдийн самбаа сорих спортоор хичээллэх гол суурь болсон байна. Мөн тэрбээр сагсан бөмбөгийн спортоор хичээллэж өсвөр, идэрчүүдийн хот, улсын аварга шалгаруулах тэмцээнээс олон медаль хүртэж явсан тамирчин юм.

Өнөөдөр түүнийг Монголын авто спортын урдаа барих эмэгтэй тамирчин болгосон шалтгаан тамирчин гэр бүлийн хүмүүжил, аавынх нь тэсвэр, хатуужилд бэлтгэсэн сургуулилт бахдам гавьяа гэлтэй. Үүний үр дүн ч анхны тэмцээнээс нь харагдаж Мөсөн замын уралдааны алтан медаль, холын зайн ралли уралдааны мөнгөн медаль түүний энгэрт гялалзаж байлаа. Энэ шавилхан бүсгүй орос тэрэгний хүнд залуурыг эрчүүдээс дутахгүй мушгин, амжилт үзүүлж буйн шалтгааныг өөрөөс нь тодотгох сонин байв. Тиймээс Монголын авто спортын УАЗ ангиллын эмэгтэй тамирчин түүнийг сониныхоо “Зочин” буланд урьж ярилцлаа.

- Та юунаас хамгийн их айдаг вэ?
- Би өөрөөсөө айдаг. Холын том зорилго тавьчихаад түүндээ хүрч чадахгүй, шантарч ухрах вий гэхээс айдаг. Яагаад ч юм миний “дотор хүн” эсрэг, тэсрэгийн туйл юм шиг санагддаг. Нэг талаараа би асаж чаддаг. Харин нөгөө туйл шантрах тал руугаа явчих вий гэж их айдаг. Эмэгтэй хүнийхээ хувьд шавьж, хорхойноос айдаг.

-Тэгвэл уралдахдаа айдаг уу?
-Эхний тэмцээндээ түрүүлээд, дараагийнхад нь мөнгөн медаль авсан явдал надад маш их урам өгсөн. Эсрэг тэсрэг туйлынхаа эерэг талруу тэмүүлж чадсан нь маш том урам болсон. Эмэгтэй хүн гэж өөрийгөө голох, УАЗ 469 машины уралдаан хатуу гэх айдсыг тайлж өгсөн жил 2016 он байсан. Тэр үеэс л уралдааны айдасгүй болчихсон.

-Тэр хүртэл өөрийгөө яаж бэлддэг байв.
-Хүүхэд байхаасаа л аавыгаа дагаж 10 настайгаасаа УАЗ 469 гэдэг машиныг хөдөлгөж эхэлсэн. Өгсүүрт унтраагаад, жалга руу жолоодлого алдсаар сурсан. Дунд ангидаа аавынхаа уралдааны машиныг хотоос зайдуу унаж сургуулилт хийдэг болж зүгширсэн. Аав маань ч их зүйлийг сургасан. Би аавынхаа дэргэд байхдаа айдаггүй байсан. Миний аав жолоо бариад явж байхад надад ямар ч айдасгүй амар амгалан байдаг. Тэр хүний ур чадварыг харж өссөн болохоор суралцсаар л ирсэн. Би авто спортоор хичээллэж ааваасаа илүү амжилт гаргаж чадсандаа, аавдаа бэлэг барьсандаа маш их баярлаж явдаг.

-Уралдах машинаа өөрөө бэлддэг үү. Эсвэл тусгай механиктай юу?
-Надад өөрийн гэсэн механик байхгүй. Тамирчин найзууд, ах нар маань тал талаасаа дэмжиж  туслаад машиныг минь бэлдэж өгдөг. Монголын авто спортын төрөлд хамгийн их өрсөлдөөнтэй ангилал УАЗ 469-ынх байдаг. Эр зоригийн энэ талбарт 10 жил уралдаад амжилт үзүүлээгүй эрчүүд зөндөө байхад эмэгтэй хүн зориглоод орж ирэхэд хүмүүс гайхсан. Анхандаа машиныг яаж бэлдэх ёстойг нарийн мэддэггүй байлаа.

Авто спортоор хичээллэж, аавдаа бэлэг барьсандаа баярлаж явдаг

Дөрвөн жил уралдаж байж машинаа дуугаар нь мэддэг болсон. Кросс буюу тойрог уралдаанд огцом хурд, хүчтэй байх, холын зайн уралдаанд гүйлт сайтай байх ёстой. Ямар уралдаанд орохоос шалтгаалж моторын гал, тохиргоо ч өөр өөр байдгийг ойлгосон. Машиныхаа чадлын хувийг тодорхойлох баримжаатай болчихдог юм билээ.

-Ягаан машин гэнэт уралдааны замд гараад ирэхэд их содон байх. Машиндаа их хайртай биз?
-Анхнаасаа л машиндаа хайртай болсон. Машинтайгаа байнга ярьдаг. Миний машин амьтай гэж хэлнэ. Уралдаанд бэлтгээд засаж байхдаа “хоёулаа үүнийгээ янзалнаа, тэрийгээ гоё болгоноо” гээд ярьдаг. Уралдааны замд техникийн саатал гарахад “хоёулаа замаа гүйцээнэ шүү” гээд сэтгэл зүрхээ хуваалцдаг. Эрэг дов мөргөж машинаа эвдсэн үедээ уучлалт гуйдаг.

-Уралдааны замд машин чинь эвдрээд зогсчихвол уйлмаар болдог байхдаа?
-Би ер нь их шартай. 2016 онд тойргийн раллид уралдаж байхад техникийн саатал гараад тэмцээнээс хасагдаж байсан. Тэгэхэд яаж ийж байгаад замаа дуусгаад барианд оръё гээд шаралхаж улайрч байсан ч хамтрагч ах маань “Чи залуу хүн цаашдаа олон тэмцээнд орно, үүнээс болж машинаа дуусгаж болохгүй. Техникийн сааталтай тамирчин хүн эвлэрч сур” гэж зөвлөсөн. Түүнээс хойш энэ чинь техник спорт шүү дээ гэдгийг ойлгож авсан. УАЗ бол орос тэрэг, техник эвдрэл байнга гардаг учраас сэтгэлзүйгээрээ эвлэрсэн. Тэмцээний үеэр техникийн саатлаас болоод хоцрох, ур чадвар дутаад гүйцэгдэх хоёр өөр учраас шаралхах, шатах хоёр ч ялгаатай.

-Эвдрэлээ засах зардлыг хаанаас гаргадаг вэ. Эмэгтэй тамирчин гэдгээр ивээн тэтгэгчид ялгавартай ханддаг зүйл бий юу?
-Би ивээн тэтгэгчгүй уралддаг. Өдий хүртэл гурван тэмцээнд л их, бага хэмжээгээр ивээн тэтгэгчтэй уралдаж байсан. Засвар үйлчилгээгээ өөрийн цалингаасаа хийдэг. Одоо ч энэ спорт цалингаараа уралддаг спорт биш юм аа гэдгийг илүү их мэдэрч байгаа. Холын зорилгодоо хүрэхийн тулд, гаднын дэвжээнд хөл тавихад цалингаараа зүтгээд байх хэцүү л дээ. тиймээс өөр зүйл бодож эхэлсэн.

-Тэнгэрт тулсан шороо тоосон дунд уралддаж байгаа харагддаг. Гоо сайхандаа яаж анхаардаг вэ?
-Ус арьсыг бас энергийг гоё болгодог, өндөр ачаалал авдаг болохоор завтай үедээ сайн унтаж амрах бас эрүүл хооллох тал дээр анхаардаг. Арьс арчилгаа эмэгтэйчүүдээс ялгарах онцгой зүйлгүй ээ.

Эрчүүдийг бодвол бартаа туулахдаа хүчилж биш аргадаж уралдана. Нөгөө талаар би уралдааны амортизатор тавиагүй тоноглол дутуу уралдаж байгаа.

-Ээж тань яаж хүлээж авсан бэ. Эмэгтэй хүний эрүүл мэндэд сөрөг гэж хориглох үе байх уу?
-Тамирчин байсан учраас ээж маань ааваас илүү ойлгож дэмждэг. Тэмцээнд оролцох бүрт сүү өргөөд хүлээж байдаг. Гэхдээ манай хоёр намайг гэмтэж бэртэх вий гэсэн сэтгэлийн зовнилтой байдаг нь мэдрэгддэг юм. Аавын намайг хурцалдаг, хатуужилтай болгох гэж хэлсэн “Нойр хоолгүй уралддаг тамирчин гэж юу байсан юм, машинаа эрт бэлдээд амарч чаддаггүй” гэх зэмлэл үгийн цаана ямар утга агуулагдаж байгааг би мэдэрдэг.

-Ийм турьхан бүсгүй УАЗ 469-ын залуурыг яаж дийлж мушгидаг байна гэсэн бодол шууд төрж байна л даа?
-Эрэгтэй тамирчныг бодвол руль, араа солиход бяр хүч дутаж байгаагаа мэдэрнээ. Тэгэх тусам хатуужлын дасгал их хийдэг л дээ. Дасгал гэхээр булчин суух биш юм аа. Том булчин амархан цуцдаг учраас нарийн ширхэгт булчин хөгжүүлэхийг илүүд үзнэ. Боксынхон голдуу хичээллэдэг тэмцэх чадвар, тэсвэр, тэвчээрийн дасгал их хийдэг.

-Уралдаан орохын өмнө сэтгэлзүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Тамирчин хүнд хамгийн чухал нь бэлтгэл сэтгэл зүйн бэлтгэл гэдэг нь ойлгомжтой. Тиймээс бүх зүйлийг тооцоолж тайван байхыг хичээдэг. Кросс уралдаанд тэр олон машин гараанаас гарах үеийн моторын дуунд сандардаг. Сүрдмээр сайхан шүү. Гараан дээр машинаа унтрааж байсан тохиолдол ч надад бий. Дараагийн уралдаан хүртэл өмнөх тэмцээний алдаа, зам хоёр тархинаас салдаггүй. Уралдах тусам л өөрийгөө би улам голж болоогүй байна гэдгээ мэдэрдэг. Тиймээс би сайн тамирчдаасаа суралцахыг зорьж байна.

-Авто ангилалд эрчүүдтэй уралдаж буй эмэгтэй тамирчны давуу тал гэж байх уу?
-Эрчүүдийг бодвол бартаа туулахдаа хүчилж биш аргадаж уралдана. Нөгөө талаар би уралдааны амортизатор тавиагүй тоноглол дутуу уралдаж байгаа. Тийм болохоор аргадаж уралдаад сурчихсан. Хэцүү бартааг машинтайгаа яриад л гарахыг бодно. “Хоёулаа энэ бартаагаар ингэс гээд эвтэйхэн гарчихнаа” гэж машинтайгаа яриад туулчихдаг. Уг нь бол хааз хасмааргүй л уралдмаар байгаа юм. /инээв/

-Уралдааны дараа харамсах үе тохиолдох уу?
-Зорилготой хүн аз жаргалтай болдог юм билээ. Зав л гарвал уралдааныхаа тухай боддог. Бичлэг үзнэ, юун дээр алдсанаа ойлгоно. Өөр тамирчдын бичлэг, оролцож чадаагүй тэмцээнийг очиж үзэн туршлага судалдаг. Туршлагатай тамирчид араагаа хаана солих, замаа яаж сонгож байгаа зэргийг моторын дуугаар нь мэдэрч аль болох ойроос үзэхийг хичээдэг. Өөрийнхөө уралдааны алдааг дараагийн тэмцээн хүртэл боддог. Түүгээрээ давхар сэтгэл зүйн бэлтгэл хийдэг юм.

-Тэмцээний үеэр эмэгтэй хүнд гүйцэгдсэн, хоцорч барианд орсон эрчүүд ямар байдалтай байдаг бол оо?
-Өмнөх тэмцээндээ миний ард орсон тамирчин дахиж ариунаагийн ард орохгүй гээд гурван өдөр машинаа бэлдэж бэлтгэл хийсэн гэж сонсоод би баярлаж байсан. Спортын хор шараар хөдөлмөрлөж байна гэдэг хөгжил байхгүй юу.

-Машиндаа ямар төрлийн бензин хийж уралддаг вэ?
-Хамгийн өндөр октантай аи98 бензин хэрэглэдэг.

-Хотын замын хөдөлгөөнд оролцож байхад эрчүүд дээрэлхэх тохиолдолд яаж ханддаг вэ?
-Ямар машинтай явж байгаагаас их шалтгаалдаг юм шиг санагдсан. Тийм тохиолдолд зүгээр л өнгөрөөгөөд явуулчихдаг. Гэхдээ хотод замын хөдөлгөөнд оролцох дургүй. Стрессдэхгүйн тулд аль болох алхах, таксинд өөр юм бодоод явж байх нь гоё байдаг.

П.Батбөх

 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ