“SouthGobi Resources”-ийн цэвэр ашиг 2 дахин өсөв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-05-15 17:30 GMT+8

“SouthGobi Resources” компани оны эхний улиралд нүүрсний борлуулалтаа өмнөх оны мөн үеэс 80 гаруй хувиар нэмэгдүүлж, 1.1 сая тонн хүргэсэн байна. Санхүү, үйл ажиллагааны тайландаа тусгаснаар тонн нүүрс тутмын борлуулалтын дундаж үнэ өмнөх оны 43 ам.доллароос буурч, 34.9 ам.доллар болсон байна.

ӨМӨЗО руу нүүрсээ тээвэрлэж БНХАУ-ын компаниудад худалдалгүйгээр, шууд уурхайн амны нөхцөлөөр борлуулсан нь зардлыг бууруулжээ. Зардлаа танасны дүнд цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өсөж, 13.4 сая ам.доллар хүрсэн байна.

Ялангуяа үйл ажиллагааны ашиг нь ойролцоогоор гурав дахин өсөж, 9.9 сая ам.доллар хүрчээ. Тус компани Овоот толгой дахь ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор жилд хоёр сая тонн нүүрс угаах чадалтай нүүрсний үйлдвэр байгуулсан юм. Эхний улирлын үзүүлэлт сайжирсан ч “SouthGobi Resources” компанид санхүүгийн хэд хэдэн бэрхшээл тулгараад байгаа аж.

“SouthGobi Resources” компани “China Investment Corporation”-ийн охин компани “Land Breeze”-тэй төлбөр хойшлуулах гэрээ байгуулахын тулд энэ сарын эцсээр хөрөнгө оруулагчдаасаа зөвшөөрөл хүсэхээ мэдэгдсэн байна. “Land Breeze”-д төлөх ёстой 41.8 сая ам.долларыг бэлэн мөнгө болон бүтээгдэхүүн үйлчилгээ оролцуулж, шинэчилсэн хуваарийн дагуу төлөх тохиролцоог “China Investment Corporation”-тэй хийгээд байгаа аж.

Төлбөр хойшлуулах гэрээний гол заалтуудыг дурдвал тус компани 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд нийт 14.3 сая ам.долларыг найм хуваан төлнө. Мөн төлбөр хойшлуулсантай холбоотойгоор жилд 6.4 хувийн торгууль төлөхөөр болжээ.

“SouthGobi Resources” компани төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүйн улмаас дефолт зарлаж, өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш Хонгконг, Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны арилжааг зогсоогоод байна.

Б.Дашням | @Dashnyam_tsahir

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 913 санал өгсөн байна.

Дээшээ