ФОТО: Далайг зорьсон “Диваажинд хүрэх зам” киноны нээлт боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-05-18 15:19 GMT+8

“Mesmerism”-ийн Цогтоо, Мөнхүүш нар гол дүрд нь тоглосон инээдмийн драм төрлийн кино өчигдөр "Зайсан хилл"-ийн Prime Cineplex-т нээлтээ хийлээ. Рой Кларкийн “Луйварчид” зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус кинонд хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлж, далай үзэхээр адал явдалд гарсан хоёр найзын талаар өгүүлэх бөгөөд амьдралын үнэ цэн, үнэнч нөхөрлөлийг харуулахыг зорьжээ.

Энэхүү кино нь Монголын анхны 4К нягтаршилтай кино бөгөөд кино багт нийт 43 уран бүтээлч ажиллажээ. “Mesmerism” продакшн, “BRB” ХХК, XMF-Хуур хөгжмийн наадам болон Монгол ТВ-ийн хамтийн бүтээл уг киноны зураг авалтыг Дэлхийн номер нэг ARRI камераар хийсэн байна.

“АНХ УДАА ДАЛАЙ ХАРААД ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХСОН”

“Диваажинд хүрэх зам” киноны Ерөнхий найруулагч, гол дүр Д.Ганцогт:

“Ихэвчлэн залуу уран бүтээлчид оролцсон нь киноны маань нэгэн онцлог байв. Энэ кино миний найруулсан гурав дахь бүтээл. Би анх Японд явж байхдаа далай харсан юм. Анх удаа далай харж байгаа хүн чинь орилж баярлана гэж бодсон чинь чимээгүй болчихсон.

Учир нь далай гэдэг зүйл үнэхээр том, агуу санагдаж, маш их зүйл хийж, хөдөлмөрлөх ёстой юм байна, их зүйлийг үзэж харах хэрэгтэй юм байна гэж бодсон.

Тиймээс энэ мэдрэмжийг өсвөр насныхан, залууст мэдрүүлэхийг хүссэн. Ингээд Э.Мөнх-Эрдэнэтэй ийм кино хийе гэж ярилцаад судалтал далай үзэхээр адал явдалд гарч буй кино маш олон байдаг юм байна. Ийнхүү Рой Кларкийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн, 1988 онд гарсан “Hawks” хэмээх киног үзээд зохиолоос нь сэдэвлэж хийхээр шийдсэн.

Кино зураг авалтын үед хамгийн хэцүү зүйл нь нар байсан. Учир нь өнгө их зөрдөг. Хамгийн уртдаа бид унтахгүйгээр 30 цаг ажилласан. Бас их сэрүүхэн байсан нь хэцүү байв. Зураг авалтаа бид аль болох гоё харагддаг газруудыг сонгож авахыг хичээсэн.” хэмээн ярьсан юм.

Киноны зураг авалтыг 6 сарын турш хийсэн ба ингэх явцад 80-100 гаруй хүнийг оролцуулсан байна.

 

“КИНОГОО ХҮССЭН ХЭМЖЭЭНДЭЭ ХИЙЖ ЧАДААГҮЙ”

Нээлтийн үеэр “BRB” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Диваажинд хүрэх зам” киноны Ерөнхий продюсер Ж.Энхжаргалан “Манай кино Дэлхийн номер нэг ARRI камераар зураг авалтыг нь хийж 4К нягтаршилтай, дуу дүрсний өндөр чанартай хийгдсэнээрээ онцлог. Холливуудын ихэнх кино энэ камераар хийгддэг. Нийгэмд, залуучуудад эерэг сэтгэгдэл төрүүлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа төдийлөн харж чаддаггүй тэр өнцгүүдийг гаргаж өгөхийг хичээсэн.

Кино урлагийн салбарыг өөрсдийнхөө өнцгөөс харж үзье, монгол киноны стандартыг өөрсдийнхөө чадлаар ахиулъя гэж хүссэнийхээ үндсэн дээр энэ киног хийхээр болсон. Кино хийхэд хамгийн бэрхшээлтэй зүйл нь санхүүжилт байлаа. Санхүүжилтээс болж киногоо хүссэн хэмжээндээ хийж чадаагүй ч гэсэн бид чанартай болгохын тулд бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажилласан” гэж ярилаа.

Киноны Ерөнхий продюсер: “BRB” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан

Ерөнхий найруулагч: Д.Ганцогт

Гол дүрд: Д.Ганцогт, Э.Мөнх-Эрдэнэ, С.Идэрмаа, МУГЖ Ц.Төмөрхуяг, Г.Ганлхагва,

Дүрүүдэд: Б.Ангараг, Б.Батзаяа, О.Гэрэлсүх, , Б.Навчаа, Ардын жүжигчин С.Сарантуяа, У.Содхүү нар тогложээ.

“ЗУРАГ АВАЛТ ҮНЭХЭЭР МУНДАГ БАЙЛАА”

“Диваажинд хүрэх зам” киноны гол дүр Э.Мөнх-Эрдэнэ “Энэ удаагийн уран бүтээл маань өмнөх кинонуудыг бодвол илүү драм, адал явдалт хэсэгтэй байсан нь онцлог байлаа. Манай кино багийнхан бүгд л хийж буй ажилдаа дуртай байсан болохоор хүндрэл бэрхшээл тулгарсан ч хамтдаа даван туулдаг байсан.” хэмээн ярьсан юм.

Нээлтийн дараа бүгд кино танхимд орж киногоо үзэцгээсэн бөгөөд кино дууссаны дараа гарч явсан үзэгчдээс сэтгэгдлийг нь асуухад “гоё байлаа... дажгүй кино болсон байна... зураг авалт нь үнэхээр мундаг байлаа” зэргээр хариулсан юм.

Нийт 90 минут үргэлжлэх, инээдмийн драм төрлийн тус кино бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ