Даатгуулагчийн мэдээллийг хурууны хээгээр бүртгэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-23 10:35 GMT+8

 

Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрүүдийн цахим програмд хурууны хээ уншигч төхөөрөмж ашиглаж эхэлжээ.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд даатгуулагч өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаж, халдвартай гарсан тохиолдолд элэгний В, С вирусийн халдварын эсрэг эмчилгээ хийх нарийн мэргэжлийн эмч нарт хандаж байгаа .

Элэгний В, С вирусийн халдварын эсрэг эмчилгээ хийж буй дээрх нарийн мэргэжлийн эмч нар хурууны хээ уншигч төхөөрөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах боломж бүрдсэн байна.

Эрх бүхий нарийн мэргэжлийн эмч нар тухайн иргэний вирус тоолох шинжилгээнд илгээж даатгуулагч уг  шинжилгээг даатгалын гэрээтэй лабораториас сонгон хийлгэж байгаа юм. .

Хурууны хээ уншигч төхөөрөмжинд  нарийн мэргэжлийн эмч болон даатгуулагчид хурууны хээгээ уншуулан баталгаажуулснаар шинжилгээнд илгээх юм.

Мөн  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-ид эмнэлэг нь үзүүлэхээр ирсэн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн  хурууны хээ бүртгэх машинаар  бүртгэн, тусламж үйлчилгээ авсныг баталгаажуулна гэж заасны дагуу энэ ажлыг хувийн хэвшлийн шүдний  эмнэлгүүдтэй хамтран  хэрэгжүүлж  байна.

Эрүүл шүд хөтөлбөрт хамрагдаж буй хувийн хэвшлийн шүдний 154 эмнэлгийн хурууны  хээ уншигч төхөөрөмжийг Эрүүл мэндийн даатгалын цахим системд холбох ажлыг хийж байна.

Хүүхдийн мэдээллийг системд бүртгэхээс өмнө тухайн эмнэлгийн бүртгэл хийж буй ажилтан болон хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь  хурууны хээгээ бүртгэх машинаар  бүртгүүлэн, баталгаажуулснаар хүүхдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээнд  эцэг, эх, асран хамгаалагч нь давхар хяналт тавих ач холбогдолтой аж.

Даатгалын гэрээтэй эмнэлгүүдэд хурууны хээ уншигчийг ашигласнаар даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний бүртгэл илүү үнэн зөв болж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардал илүү хяналттай болно хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ