Тост, Тосон бумбыг хамгаалахыг шаардсан иргэд жагсав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-05-27 16:05 GMT+8
Өмнөговь аймаг, Тост тосон бумбын нуруу, 2019 оны тавдугаар сарын 25

“Байгаль орчин, аялал жуулчлалын яам”-ны үүдэнд Өмнөговь аймгийн 32 иргэн цуглав. Тэд Н.Цэрэнбат сайдад Тост тосон бумбын байгалийн цогцолборт газар нутагт хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй “Сауд Гоби Коэл Транс” ХХК-д олгосон зөвшөөрлийг цуцалж, сайдын албан тушаалаас огцрох тухай шаардлага хүргүүлсэн юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Б.Дэжид хэлэхдээ “Тост тосон бумбын нурууг 2016 онд Улсын тусгай хамгаалалтад авсан. Харин ойролцоох ай савд хамаарах байгалийн нөөц газрыг “Сауд Гоби Коэл Транс” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрлийг БОАЖ-ын сайд олгожээ. Энэ нь Тост тосон бумбын нурууг хамгаалах хууль, тогтоомж, журмыг зөрчсөн.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат эрх мэдлээ урвуулан ашигласан. Бид тус компанид олгосон зөвшөөрлийг цуцалж, уурхайн үйл ажиллагааг зогсоох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг албан бичгээр хүссэн. Шаардлагын хариуг энэ сарын 29-ны дотор бичгээр ирүүлэх ёстой. Н.Цэрэнбат сайдаас албан тушаалаасаа огцрох тухай хариу мэдэгдэл хүлээнэ” хэмээн ярив.

УБ-аас Тосон Бумбын нуруу хүртэл 308 км зайтай. Одоогоор тус газарт нийт 13 хайгуул, гурван ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хайгуулалт, ашиглалтын талбайд “Хүрэн ханын хэц” нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газраас гадна 75 өрхийн 22847 толгой мал, 20 гаруй булаг шанд, “Улаан ном”-д орсон, ховор ан амьтад, ургамал, хөтөн шувуу амьдардаг байна. Тухайлбал хууль зөрчсөн үйл ажиллагаа нь цоохор ирвэс, Хөв орчмын булаг шанд, баян бүрдийн усан хагалбар, Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын худаг зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа гэв.

Жагсаалд Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын иргэдийн төлөөлөгч болон, Улаанбаатар хотод оршин суугаа тус аймаг, сумын иргэд ирж оролцсон юм.

Тус аймгийн Ноён сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Р.Бадамжунай “Энэ жагсаал хэн нэгэн эрх мэдэлтнийг суудлаас нь буулгахыг зориогүй. Хэн ч өөрийн гэрт байгаа битантай усыг хамгаална шүү дээ. Өмнөговь аймгийн иргэд бид өөрсдийн үр хүүхэд, цаашлаад ховордсон ан амьтан, байгалийн баялаг болсон гүний ус гээд нэг хүний төлөө бус нийтийн эрх ашгийн үүднээс өөрсдөө унаа тээврийн хөлсөө гаргаж, үгээ хэлэхээр цугласан” гэлээ.

Жагсаал шаардлага хүлээн авах хүртэл хоёр цаг үргэлжилсэн юм. 12.00 цагаас БОАЖЯамны Үнэлгээ Аудитын хэлтсийн дарга А.Энхбат шаардах хуудсыг төлөөлөгчдөөс хүлээн авч, хариу өгөх хүртэл хүлээцтэй хандахыг хүссэн юм.

Мөн энэ цуглаанд Зайсангийн иргэдийн “Экологи Зайсан” ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал оролцов. Тэрээр “Энэ жагсаалд нэгдэх болсон эхний шалтгаан бол Зайсангийн тусгай хамгаалалттай газар нутагт Л.Гүндалайд олгосон найман газрын зөвшөөрлийг цуцалж, иргэдийн амьдрах талбайн гэрчилгээг дахин олгохыг хүсэж байна.

Дараагийн шалтгаан бол БОАЖЯамны ажилчдаас хариуцлага нэхэж, ажил үүргээ нэг нэгэндээ тохохгүй байхыг албан бичгээр мэдэгдэхээр ирсэн” гэлээ.

Жагсаалд ирсэн иргэдийн гартаа барьсан лоозонд “Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат кабинетийнхээ сайд байсан Б.Чойжилсүрэнд 43 мянган га газрыг бэлэглэж, Тост тосон бумбын хувь заяаг үгүй хийлээ, улсын тусгай хмагаалалттай газар нутгаас савраа татахыг шаардаж байна” хэмээн бичсэн байв.

С.Ундармаа

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 450 санал өгсөн байна.

Дээшээ