№2 IPO хийх шийдвэр гаргахаасаа өмнө...

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-05-27 09:53 GMT+8

Үүний өмнө бид хувьцаагаа анх удаа нийтэд санал болгох буюу IPO гэж юу болох талаар авч үзсэн. Тэгвэл энэ удаа IPO хийх шийдвэр гаргахаасаа өмнө компанийн удирдлагын өөртөө тавих асуулт, түүний хариулт нь хир зэрэг эерэг байхыг тандах буюу хөрөнгө оруулагч юуг үнэлж, хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг талаар авч үзэх болно.

Д.Дүгэржав Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм, Партнер

IPO-Г СОНГОХООСОО ӨМНӨ ӨӨРТӨӨ ТАВИХ АСУУЛТ

Компаниуд өөрийнхөө үйл ажиллагааг хангахад шаардлагатай санхүүжилтийн хэмжээ нь ашигтай нөхцөлөөр, өөр аргаар татах хөрөнгө оруулалтын боломжоос давсан тохиолдолд бирж дээр гарах тухай бодож эхлэх нь түгээмэл байдаг. Гэвч хөрөнгө оруулалт шаардлагатай боллоо гээд хөрөнгийн бирж дээр үнэт цаас гаргах нь тэр бүр зөв сонголт биш юм. Хөрөнгийн биржид гарах тухай шийдвэр гаргахаасаа өмнө компани өөртөө хэдэн асуулт тавих хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд компани үйл ажиллагаараа эерэг  үр дүн харуулсан уу?

Өсөлтийн хурд нь дунджаас дээш байгаа компанийн хувьд салбарынхаа өсөлтийн хурд бага, эсхүл ашиггүй ажиллаж байгаа компанитай харьцуулахад хөрөнгө оруулагчдыг татах боломж нь өндөр байдаг. Хөрөнгө оруулагчид дараах гол шалгуураар компанийг үнэлдэг гэдгийг тооцох нь зүйтэй:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар, борлуулах зах зээл сайн;
  • Удирдлагын баг хангалттай туршлагатай;
  • Өнгөрсөн хугацааны санхүүгийн үр дүнгийн үзүүлэлт эерэг;
  • Санхүүгийн хэтийн төлөв нь тааламжтай
  • Тодорхой зорилгод чиглэсэн, сайтар бодож боловсруулсан бизнес төлөвлөгөөтэй;
  • Санхүүгийн болон үйл ажиллагааны хяналтын үр дүнтэй тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт (комплаенс) сайн.

Дээрхийг бүгдийг нь хангаж чадаагүй ч зарим компанийн хувьд хөрөнгө оруулагчид сонирхож болох өөр шинжүүд байж болно. Жишээ нь, компани нь үр дүнд чиглэсэн, хүчтэй, удирдлагатай байх, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь олонд танигдсан, эсхүл хэрэглэгчдийн онцгой анхаарлыг татахуйц, өвөрмөц гэх мэт.  

Компанийн ашгийн үзүүлэлт өндөр, орлогын хэмжээ өсөлттэй юу?

Хувьцаагаа амжилттай арилжсан олон компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд өндөр эрэлттэй, улмаар энэ нь ирээдүйд өсөлт бий болгоно гэдгийг харуулж чадсан байдаг.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд сайн танигдсан, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна уу?

Энэ асуултад хөлөө олсон бизнесийн хувьд өнгөрсөн хугацааны бүтээгдэхүүний борлуулалтын мэдээлэлд үндэслэн хариулдаг бол хөгжлийнхөө эхэн үед байгаа компанийн хувьд зах зээлийн судалгаанд үндэслэсэн таамаглал, өөрийн бүтээгдэхүүний давуу талыг харуулах байдлаар хариулдаг. Хөгжлийнхөө эхний үе шатанд буй компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ онцлог шинж чанараас шалтгаалан IPO гаргахад тавигдах шаардлагыг хангах боломж мөн бий.

Компанийн удирдлага IPO-г амжилттай хийх чин хүсэл сонирхолтой, түүнийг хэрэгжүүлэх хангалттай чадвартай эсэх?

Төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн удирдлага нь компанийн засаглалын үр дүнтэй бүтэц бий болгох, ТУЗ-ийн дэргэдэх хороодыг бүтээлчээр ажиллах боломжоор хангахад шаардлагатай туршлага, ур чадвартай байх нь маш чухал. IPO-г амжилттай хийж, үнэт цаасаа нийтэд санал болгоход тавигддаг бүхий л шалгуурыг хангахын тулд компанийн удирдлагууд нь цаг зав, хүч хөдөлмөрөө харамгүй дайчлан шаардлагатай судалгаа шинжилгээ хийж, зах зээлийн шинжээчид, боломжит хөрөнгө оруулагчидтай уулзаж, хувьцаа эзэмшигчдэд санхүүгийн тайлангаа цаг хугацаанд нь гаргаж өгөх шаардлагатай.  

 

Бирж дээр үнэт цаас гаргаснаар орох орлого нь гарах зардлаас илүү байгаа эсэх?

Хувьцаагаа нийтэд санал болгох гэдэг нь компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувьд өнөөдөр компанид орж ирэх мөнгөөр компанид тавих хяналт буюу саналын эрх болон компани өсөхийн хэрээр  ирээдүйд орох орлогынхоо хэсгийг ямар нэгэн хэмжээгээр сольж байна гэсэн үг юм.  Үүнээс гадна зах зээл дээр хувьцаагаа арилжиж, мөнгө нь орж ирэхээс өмнө андеррайтер болон бусад зөвлөх үйлчилгээний хөлс төлөх зэрэг их хэмжээний зардал гаргах шаардлагатай болно. Мөн биржийн шалгуурыг хангах, хөрөнгө оруулагчидтай харилцах талаарх чиг үүргээ хэрэгжүүлэх, илүү дэлгэрэнгүй санхүүгийн тайланг тогтмол гаргаж танилцуулах зэрэгт нэмэлт, урсгал зардал гарна. Заримдаа IPO хийснээр орж ирэх орлого нь зардлаасаа илүү байж чадах уу гэдгийг дүгнэхэд хэдэн жил зарцуулах тохиолдол ч гардаг байна.      

Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал нь хөрөнгийн зах зээлд гарахад тохиромжтой үе мөн үү?
IPO-д хандах хөрөнгө оруулагчдын сонирхол нь зах зээлийн тогтвортой байдал, тухайн үеийн байдлаар зах зээлийн оролцогчдын IPO-д хандах хандлага, салбарын эдийн засгийн нөхцөл байдал, техник технологийн хөгжил гэх мэт олон шалтгаанаар ямагт өөрчлөгдөж байдаг. Хөрөнгийн зах зээлийн үнийн хэлбэлзэл (volatility)-ийг урьдчилан таамаглахад ихээхэн бэрхшээлтэй байдаг тул зөв цаг үеэ олж IPO хийх нь сайн, хүссэн үр дүнд хүрэх хүчин зүйлүүдийн нэг яах аргагүй мөн. Хэн ч зах зээлийн нөхцөл байдлыг урьдчилан тодорхой таамаглах боломжгүй ч, компани зөв цаг үеэ сонгохын чухлыг санаж, хөрөнгийн биржид гарах графикаа өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Зарим үед аль нэг салбарын компанид IPO хийх “цонх нээгдэх” тааламжтай үе тохиодог бол заримдаа бүх салбарын компаниудад тийм боломж тохиох нь бий. Хэрэв энэ “цонх нээгдэх” мөчийг ашиглаж чадалгүйгээр IPO хийх шийдвэрээ хэдхэн долоо хоног хожимдуулж гаргахад л хэлцэл хойшлох, цуцлагдах, эсхүл доогуур үнээр хийгдэх зэрэг нөхцөл байдалд хүргэж болдог.

САНАМЖ:

Өмгөөллийн ЭмДиЭс энд ХаанЛекс хуулийн фирм нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын хуулийн асуудлаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл юм.Энэхүү мэдээлэл нь мэдээлэлд хамаарах үндсэн чухал асуудлыг бүрэн хамаараагүй байж болох бөгөөд гагцхүү үйлчлүүлэгч болон сонирхогч этгээдэд ерөнхий тойм мэдээлэл өгөх зорилготой болно. Энэхүү мэдээллийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд өгсөн эрх зүйн зөвлөх үйлчилгээ гэж үзэхгүй.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ: 

https://www.pwc.com/mn/en/capital-markets/assets/mn_roadmap_for_ipo_eng.pdf - Road map for an IPO A Guide to going public

https://www.libfox.ru/629603-andrey-mogin-ipo-ot-i-do-o-posobie-dlya-finansovyh-direktorov-i-investitsionnyh-analitikov.html- Андрей Могин - IPO от I до O. Пособие для финансовых директоров и инвестиционных аналитиков

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4331 санал өгсөн байна.

Дээшээ