Канадад нэг удаагийн хуванцар хэрэглээг хориглоно

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-06-11 11:20 GMT+8

Канад улсын эрх баригчид 2021 оноос эхлэн соруул, гялгар уут зэрэг нэг удаагийн хуванцар хэрэглээг хориглохоор болсон тухай тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр мэдээллээ. Тэрээр хуванцар хог хаягдлыг дэлхий нийтийн анхаарал татахуйц, чухал асуудал хэмээн тодорхойлжээ.

Ерөнхий сайдын хэлснээр хуванцар бүтээгдэхүүн худалдаалж, үйлдвэрлэдэг компаниуд хог хаягдлаа дахин боловсруулах үүрэг хүлээх аж. Одоогоор Канад улсын нийт хуванцар хог хаягдлын 10 хувийг л дахин боловсруулдаг байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд 11 тэрбум ам.долларын өртөг бүхий хуванцар хог хаягдлыг байгальд хаяна гэсэн тооцоо гарчээ.

Дэлхий дээр жил бүр нэг сая орчим шувуу, 100 мянган хөхтөн амьтан хуванцар хог хаягдлаас болж үхдэг талаар Канадын засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

2018 оны аравдугаар сард Европын холбоо далай тэнгисийн бохирдолтой тэмцэх зорилгоор нэг удаагийн хуванцар хэрэглээг бүрмөсөн хориглох тухай санал асуулгыг гишүүн орнуудынхаа дунд явуулсан. Энэхүү санаачилга 2021 оноос хэрэгжиж эхлэх төлөвтэй байна.  

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 180 улс орон хуванцар хэрэглээнээсээ ямар нэгэн байдлаар татгалзаад байгаа ажээ.

Эх сурвалж: BBC, CNN 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ