М.Энх-Амгалан: Таван толгойн нүүрсийг урьдчилан зарж, Гашуунсухайт хүртэлх төмөр замаа тавих нь зөв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-06-13 09:30 GMT+8

Төмөр болон авто замын бүтээн байгуулалтын зарим нь эхэлчихсэн ид өрнөж байна. Нийслэлийг зүүн аймгуудтай холбодог Гачуурт-Налайхын замыг дөрвөн эгнээтэй болгох томоохон ажил хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн. Зам тээврийн салбарын томоохон төслүүдийн явцыг салбарын сайд М.Энх-Амгалангаас тодруулав.   

-Таван Толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт ямар явцтай байна вэ?
-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг ярина. Хэд хэдэн компани хөрөнгө оруулагчаар оролцох сонирхлоо илэрхийлсэн. Энэ төслийг хэрэгжүүлэх гурван хувилбар бий. Эхнийх нь нүүрсээ борлуулан олсон хөлсөөр төмөр замаа тавих. Ингэснээр төмөр зам 100 хувь Монголын өмч болно. Төлбөрөө мөн нүүрсээр барагдуулна. Энэ бол хамгийн боломжит хувилбар.

Зүүн баяны төмөр зам ашиглалтад орсноор Хармагтай, Цагаан Суварга, Таван толгой, Оюутолгой ордын үнэ цэнэ, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ.

Хоёр дахь хувилбараар төмөр замын 51 хувийг Монголын тал эзэмшээд, 49 хувийг хөрөнгө оруулагчдад санал болгох юм.

Гурав дахь нь дотоодын ААН-үүдээс санхүүжилт авах хувилбар юм. Аль алийг нь судалж, ойрын хугацаанд эхлүүлэхээр ажиллаж байна.

-БНХАУ-ын Чалко компаниас бид нүүрсний төлбөрөө урьдчилж авсан удаатай. Гэвч нүүрсээ тухайн үеийн зах зээлийн үнээс хамаагүй бага үнээр олон жилийн турш нийлүүлсэн шүү дээ.        
-Өнөөгийн зах зээлийн үнийг мэдээж харгалзана. Газар доор байгаа нүүрсээ мөнгө болгон, төмөр замаа тавих саналыг Хятадын  хэд хэдэн компани тавьсан.   

-Таван толгой-Гашуунсухайтын замыг олон жил ярьсан ч ажил нь эхлээгүй л байна. Харин Зүүн баянгийн зам их урагштай байна?   
-Зүүн баяны төмөр зам стратегийн ач холбогдолтой. Энэ замын 30 км-ын радиуст хамгийн их үнэд орох ордууд бий. Төмөр зам ашиглалтад орсноор Хармагтай, Цагаан Суварга, Таван толгой, Оюутолгой ордын үнэ цэнэ, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. Зэвсэгт хүчний жанжин штаб доод бүтцийг нь, УБТЗ дээд бүтцийг нь хийнэ. Гаднын зээл тусламжаар биш дотоодын хүчин чадлаар энэ замыг барьж, хоёр жилийн дотор ашиглалтад оруулна. ЭТТ ХК-ийн ашгийг энэ төсөлд зарцуулж байна. Энэ зам ашиглалтад орсноор экспортын нэг биш хоёр гарцтай болно.

Оросын хилээс цааш 68.6 хувийн хөнгөлөлттэй үнээр 25 жилийн турш тээвэр хийх эрх бидэнд бий. Иймд нүүрс тээврийн өртөг өсөхгүй. Ер нь Алтан ширээтийн замыг цаашаа Чойбалсантай холбох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Байноно, Владивосток орох боломж бүрдэнэ. Иймд их чухал зам. Тийшээ чиглэх зам Хөөт-Бичигтийн чиглэлээр явбал Сободинд хамгийн ойр боомт нь Хөөт-Бичигт.     

Мөн бид Ханги-Мандалын төмөр замын талаар Хятадын талтай ярьж байна.

Зүүн баян-Ханги Мандалын зам ороход хилийн цаана 130 км-ын зайтай Бугатын төмөрлөгийн үйлдвэрт нүүрсээ нийлүүлнэ.

Энэ үйлдвэр жилд 5 сая тонн коксжих нүүрс, 6 сая тонн төмрийн хүдэр хэрэглэдэг.        

-Зүүн баяны  төмөр замын ТЭЗҮ-г хэн хийсэн бэ?  
-Японы тал хийсэн. 290 км замыг хамруулсан тул энэ дагуу ажил нь эхэлсэн. Үлдсэн ТЭЗҮ-г “Монголын төмөр зам” компани хийж байна. Эхний 290 км замаа барих хооронд үлдсэн 100 гаруй км-ын ТЭЗҮ-г дуусгана.    

-Нүүрсний үнийг худалдан авагч тал тогтоосоор байна. Засгийн газар үнэ тогтоход нөлөөлөх боломж хэзээ бүрдэх вэ?
-Бид одоо нүүрсээ тэвштэй машинаар Баяннуур хүртэл тээвэрлэж байна. Түүнээс цааш өнөө нүүрсийг ямар боомт руу хүргэн, ямар үнээр худалдсаныг хянаж чаддаггүй. Харин чингэлэгт тээвэрт шилжвэл бүх машинд GPS суурилуулсан тул нүүрсээ алсаас бүрэн хянана.   

Бохай булангийн боомтууд руу хүргэчихвэл нүүрсээ биржийн үнээр худалдана. БНХАУ-тай байгуулсан Төмөр замын хэлэлцээрийн дагуу 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тус улсад тээвэр хийх эрх авсан. Харин Гашуунсухайтын замд авч чадаагүй.

-Одоо Гашуунсухайтаар өдөрт хэчнээн машин урд хилээр нэвтэрч байгаа вэ?
-Өдөрт 780-960 машин. Энэ тоог нэмэхээр ажиллаж байна. Нэг жолооч сард хоёр л удаа хил нэвтрэх хязгаарлалтыг зогсоох талаар мөн хөндсөн. Замбараагүй тээвэрлэлтийг ч зогсооно.  

-Дарханы замыг өргөтгөх ажил ирэх долоо хоногт эхлэх үү?
-Түр замын ажил хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн. Газраа чөлөөлсөн. АХБ-ны шалгаруулалтад 5 компани тэнцсэн юм. Эдгээр компанийн удирдлагуудтай уулзан, энэ долоо хоногт багтаан гэрээ байгуулах үүрэг өглөө. Энэ сарын 17-нд замын ажлын нээлтийг албан ёсоор хийнэ. Таван компани замыг хэсэгчлэн засна. Компани тус бүрт 35-40 км зам ногдож байна. Ирэх арван нэгдүгээр сарын 30 гэхэд хоёр эгнээ замыг дуусгана. Энэ төслийн нийт өртөг нь 63 сая ам.доллар.  

Шинээр тавих хоёр эгнээ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлнэ. Эхний шалгаруулалт энэ сарын 15-нд, хоёр дахь нь наймдугаар сард болно. Есдүгээр сард замын ажил эхлэхээр төлөвлөсөн.

-Шинээр барих хоёр эгнээ замын төсөв хэд вэ?
-Цаас харахгүй бол би сайн санахгүй байна. 

-Гачуурт-Налайхын замын өртгийг танилцуулахгүй юу?
-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ замыг барьж байна. 32 сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн хүүтэй авсан.

-Танд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ