Жиргээгээрээ зах зээлийг хөдөлгөдөг Хятадын редактор

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-13 11:24 GMT+8

Хөрөнгө оруулагчид Хятадын ил тод бус Засгийн газар худалдааны дайныг хэрхэн явуулж буй талаар мэдээлэл авахын тулд санаанд оромгүй эх сурвалжийг анхаарч байна. Тэр нь хатуу байр суурьтай төрийн хэвлэл юм. Саяхан Global Times сонины ерөнхий редактор Ху Сижин Хятадын хэд хэдэн алхмыг нарийн таамаглаж твиттертээ бичсэний дотор Америкийн Fedex компани Huawei-н хүргэлтийг гүйцэтгэхээ зогсоох, АНУ-ын их сургуулиудад сурдаг Хятадын оюутнуудад Засгийн газраас анхааруулга өгөх зэрэг арга хэмжээ багтсан байна.

Түүний нэг жиргээний дараа Boeing корпорацын хувьцааны үнэ дөрвөн сарын доод түвшин рүүгээ унаж байв. Ноён Ху Blоomberg телевизэд өгсөн ярилцлагадаа “Би өөрийн ажлын шаардлагаар зарим мэдээллийг авдаг. Гэхдээ хэн ч түүнийг ил болгох зөвшөөрөл өгдөггүй. Хятадын албаныхан ийм мэдээг надад санаатайгаар өгдөг эсэхийг би мэдэхгүй. Бидний хооронд чимээгүй зөвшилцөл үйлчилдэг” гэсэн юм. Дэлхийн хоёр дахь эдийн засаг ноён Хуг бодлогын гол мэдээлэгчээ болгон ашиглаж байгаа нь Ерөнхийлөгч Трамп ба Ши Жиньпин нарын олон нийтийн харилцааны стратегийн ялгааг тодорхой харуулж байна.

Дэлхийн хоёр дахь эдийн засаг ноён Хуг бодлогын гол мэдээлэгчээ болгон ашиглаж байгаа нь Ерөнхийлөгч Трамп ба Ши Жиньпин нарын олон нийтийн харилцааны стратегийн ялгааг тодорхой харуулж байна.

Трамп тарифын тоглоомоо твиттерээр гэнэт зарладаг бол ноён Ши албаныхан, сонин хэвлэлээр дамжуулан ёгт үгээр санаагаа илэрхийлдэг. Ийм хүчин чармайлтад төрийн агентлагууд болон үзэл суртлын байгууллагуудад маш эмзэг нарийн ханддаг сэдвээр тайлбар өгдөг цөөн тооны Ху шиг хүмүүс хэрэгтэй. Твиттерт түүнийг дагагчдын тоо сүүлийн сард хоёр дахин өсөж, 48400 болжээ. Bear Traps Report хөрөнгө оруулалтын мэдээний сониныг үндэслэгч Ларри МкДоналд түүнийг “Трампын твиттерийн Хятадын коммунист хувилбар” гэж нэрлэжээ.

Тэрбээр цааш нь “Миний мэдэх олон хөрөнгө оруулагч, менежерүүд Хугийн твиттерийг ажигладаг. Түүгээр худалдааны дайн ба бусад асуудлаар Хятадын байр суурийн тухай гол мэдээлэл олж авах боломжтой. Хугийн твиттер бол Хятадын тэмцлийн нэг арга хэлбэр. Коммунист намын хэлэлцээний нэг тактик юм” хэмээн тайлбарлав. Англи хэл дээр гардаг Global Times сонины нийтлэлийн бодлого голдуу өрнөдийнхний бичдэг Хятадын тухай өгүүлэл, бичлэгүүдийг сөрөх чиглэлтэй байдаг.

Ноён Ху 2005 оноос хойш тус сониныг удирдаж буй агаад 2014 онд Хятадад АНУ-ын сайтыг хориглосны дараахнаас жиргээнд нэгджээ. Global Times-ын вэб хуудасны адилаар Хугийн жиргээ Хятадын хүний эрхийн байдлыг хамгаалж, улс орны хөгжлийг магтсан үгээр дүүрэн. Тэрбээр Bloomberg-д ярилцлага өгөх үедээ худалдааны дайныг үл харгалзан улсын эдийн засаг өснө гээд “Хятад улс алдагдлыг тэсэн гарч чадна. Цаг хугацаа бидний талд байна” хэмээв. Гэхдээ Хятадын талаас авах хариу арга хэмжээний тухай түүний жиргээ хамгийн сонирхолтой юм. Тэрбээр сүүлд Трампын тулган шаардлагыг шийдвэрлэх боломж тэгтэй тэнцүү гэсэн байна.

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ