“Эх оронч үзэл хөвгүүдийн зүрхэнд уяатай байдаг”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-06-13 13:15 GMT+8

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц Нийслэлийн иргэний танхимд боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран зохиосон уг сургалтад Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 400 гаруй сурагч хамрагдав.

Сургалтад дөрвөн багш, доктор Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил, биеэ авч явах байдлын талаар лекц уншсан юм. Ингээд та бүхэнд эхний ээлжид Отгонтэнгэр их сургуулийн багш доктор, профессор, бэлтгэл хурандаа Б.Галиндэвийн лекцээс толилуулъя.

Бидэнд сонгож төрдөггүй хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт ямар оронд төрөхөө сонгодоггүй. Хэнийд төрөхөө буюу эцэг эхээ сонгодоггүй. Бас хэзээ төрөхөө сонгодоггүй. Ингээд хүнд сонгож төрдөггүй гурван зүйл байдаг юм байна. Бас тэдэндээ хамгийн хайртай байдаг аж. Өнөөдөр эх оронч үзлийн логик, утга өөрчлөгдсөн. Халх голын дайны үед дайсны танкны өөдөөс, гартаа гранат атгаад мөлхөж байгаа үед эх оронч гэдэг байсан. Харин өнөөдөр эх оронч үзлийн тулгуур ойлголт нь өсөж төрсөн газар нутгаа хайрлах юм. Өсөж төрсөн газар нутгаа хамгийн их бахархалтайгаар магтан дуулсан хүн бол яруу найрагч Д.Нацагдорж.

Хэнтий хангай саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд... гэж бид ийм газар нутагтай.
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд...
энэ бол миний төрсөн нутаг. Эх орноо ийнхүү нүдэнд харагдтал, гарт баригдтал, чихэнд сонсогдтол, дүрсэлсэн байна. Арван жилийн хүүхдүүд Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг бүгд мэднэ. Энэ бол бидний амны уншлага төдийгүй зүрхний уншлага. Д.Нацагдоржийн дараа бас нэгэн гайхалтай яруу найрагч “энэ эх орныг бид эзэмшдэг юм” гэж хэлсэн.

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэртэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би...
гэж шүлэглэсэн яруу найрагч бол Б.Явуухулан. Тэгэхээр Монголын яруу найрагчид ийм том өргөн орон зайд оршин байгаа эх орноо магтан дуулсан байна.Бидний хайрлаж, хамгаалж байх өвлүүлж үлдээж байх хамгийн эрхэм зүйл бол газар нутаг, өв соёл, уламжлал юм. Б.Ренчин гуай

Чихнүү чимэг болсон аялгуут сайхан монгол хэл
Чин зоригт өвгөдийн минь харилцааны монгол хэл
хэмээн сургасан. Энэ сайхан монгол хэлээрээ яруу сайхан ярьдаг, шүлэглэдэг залуучууд бас олон. Монгол хэл бол бидний юугаар ч сольшгүй соёлын их өв.

Өсөхөөс сурсан үндэсний хэл
Мартаж болшгүй соёл
гэж Д.Нацагдоржийн сургаснаар монгол хэл бол эх оронч үзлийн хоёр дахь тулгуур юм. Харин гурав дахь тулгуур нь Монголын газар шороон дээр гишгэж, Монголын төлөө ажиллаж байгаа монгол хүн өөрөө юм. Өнөөдөр энд дандаа хөвгүүд сууж байна. Таны утсанд хэн нэгэн охин мэссеж бичиж байж болно. Тэр бол монгол хүн танд хайраа илэрхийлж байгаа хэрэг.

Энэ дотор мэдээж Бетховены симфонийг сонсож хөлд орсон хүн байхгүй. Ээжийнхээ бүүвэйн дууг сонсож хэлд орсон. Тэгэхээр ээжийн хайр гэдэг бол эх орны хайр. Бас гэрт чинь түшиг тулгуур болдог хүн байдаг нь аав. Аавын хайр. Монголын газар нутаг дээр амьдарч буй монгол хүнийг хайрлах, Монголын төлөө ажиллаж буй гадаадын хүнийг хайрлах нь эх оронч үзлийн гурав дахь тулгуур юм.

Бидний өөрийгөө нийгэмд харуулж, таниулах нэгэн үйл хөдлөл байдаг. Дунд сургуулийн хичээл завсарлаж байгаа нь хөдөлмөрөөс завсарлаж буйн хэрэг. Бидний эх оронч үзлийн дөрөв дэх том тулгуур бол хөдөлмөр юм. Бид хөдөлмөрөөр дамжиж өөрийгөө харуулна. Хөдөлмөрлөсний эцэст бид хэн бэ гэдгээ олж мэднэ. Тэр үед хүн оюуны потенциалтай болж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ.

Манай ардын уран зохиолч, төрийн шагналт Д.Пүрэвдорж

Ханат цагаан гэрийн од хийморьт тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлалаа... гэснээ
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол улсын далбаан дээр
Нүнжигтэй монгол эрийн асаж хөөрсөн сэтгэл дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлалаа...
гэж бичсэн байдаг. Эх оронч үзлийн нэгэн том асуудал бол Монгол улсын тусгаар тогтнол юм. Энэхүү тусгаар тогтнолыг хайрлаж хамгаалах, бэхжүүлэх, өнө мөнхөд хадгалах гол хүн нь хөвгүүд та нар.

Энэ таван зүйлд тулгуурлан бид эх орны тухай ярина. 1812 онд Москваг Францууд шатааж байх үед нэгэн хүү “өнөөдөр францчууд манай нийслэлийг шатааж байгаа ч хөвгүүд бидний зүрх сэтгэлд эх орон минь асаатай. Бид  Москваг аврахдаа л аварна” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр эх оронч үзэл хөвгүүдийн зүрх сэтгэлд уяатай, дотроос нь асааж байдаг зүйл юм. Та бүхэн эцэг эхээрээ овоглож байгаа ч дэлхийд гараад эх орноороо овоглоно. Бидний үеийнхэн, бидний дараах үеийнхэн, та бүхэн монгол улсын иргэн болж төрснөөрөө бахархах хэрэгтэй. 

Баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ