Багш нар: Бидэнд хөнгөлөлттэй зээл олгож, түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулаач

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-06-26 14:00 GMT+8

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлж БСШУСЯ-ны гадаа жагслаа.

Тодруулбал, тэд Монголын багш нарын амьдрах нөхцөл байдал хүнд, ажлын ачаалал огтхон багасаагүй, цалин тодорхой хувиар нэмэгдсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгдсэн учир нөхцөл байдал яг хэвэндээ байна хэмээсэн юм.

"БИД ОРОХ ОРОНГҮЙ, АЙЛЫН ХАЖУУ ӨРӨӨ ТҮРЭЭСЭЛЖ АМЬДАРЧ БАЙНА"

Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхтуяа:

Багш нар орох оронгүй, айлын хажуу өрөөнд эсвэл гэр түрээсэлж үнэхээр гундуу амьдарч байна. Нийслэлийн Орон сууцны корпориацаас ашиглалтад оруулах 972 айлын орон сууцад багш нарт зориулж тодорхой квотыг олгож өгөхийг шаардаж өнөөдөр цуглалаа. Бид цалингаараа найман хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжгүй байдаг. Багш нар амралтаараа амарч чадахгүй, аргаа барсандаа тэмцэхээс өөр аргагүй байна.

Боловсролын салбарт дөрвөн жил тутам сайд, хөтөлбөр нь солигдож, ямар ч уялдаагүй холбоогүй ажилладаг. Энэ нь ард түмний хүүхдийн сурах эрхийг зөрчиж дээр нь олон хөтөлбөрт толгой нь эргэсэн багш нар хэрхэн заахаа мэдэхгүй хүүхдийн сурч боловсрох эрх нь зөрчигдөж байна. Нэг ангид 60 хүүхэд сургаг, эцэг эхчүүд ч мөн хүүхдийнхээ сурах орчинг сайжруулахаар бидэнтэй нэгдэж тэмцмээр байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын багш нарын долдугаар их хурал гэж зохион байгуулсан нь зүгээр шоу байсан. Энэ бол сайд дарга нарын бусдад таалагдах гэсэн МАН-ын зохион байгуулсан шоу байлаа. Тэнд ямар ч асуудал шийдэгдээгүй, төсвийн мөнгөнөөс 700-800 сая төгрөг салхинд хийсгэчихсэн шүү дээ. Хэрэв тэр нь үр дүнтэй хурал болсон бол бид өнөөдөр ингэж жагсаад байх шаардлагагүй юм. МҮЭХ, Боловсол Соёл Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газартай нийлж багш нарын цалинг нэмлээ гэж шоу хийн 10-20 хувь нэмсэн болсон. Тэр нь эргээд шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлж харин ч цалин нэмэгдсэн биш бүр хасагдсан гэж хэлж болно. Тэгэхээр багш нарын цалин нэмэгдсэн гэж ярих ямар ч шаардлагагүй. Тэд амралтынхаа мөнгийн банкны зээлдээ өгчихөөд өнөөдөр хоосон л явцгааж байна.


"БИДЭНД 48 ЦАГИЙН ДОТОР ХАРИУ ӨГӨХГҮЙ БОЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА"

Монголын Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Д.Мөнхбаатар: 

Бид маш олон шаардлагыг яаманд өгсөн. Гэвч алийг нь ч шийдэхгүй хуримтлуулсаар өдгөө бидэнд тулгамдаж буй асуудал маш их болсон. Мөн боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгахыг шаардаж байгаа юм. Улс төрөөс ангид байвал энэ салбарт чадварлаг мэргэжлийн боловсон хүчин ажиллана. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилдог. Энэхүү томилгоо нь буруу бөгөөд үүний цаана боловсролын салбар дахь авилгал цэцэглэж байна. Тиймээс энэ асуудлыг цэгцэлж аттестатчлалтай болгохыг шаардаж байгаа юм. 

Мөн багш нарын амьдрах орчин нь маш тааруу байна.  Тэд ихэвчлэн хажуу өрөө, айлын хашаанд гэр түрээсэлж  амьдардаг. Тиймээс хүү багатай, урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлттэй, хямд үнэтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тавьж байна. Түрээсийн орон сууц гээд хөтөлбөрт багш нарыг хамруулаач. 48 цагийн дараа хариу өгөхгүй бол бид иргэнийхээ хувьд өлсгөлөн, суулт зарлана. Энэ бол бидний хойч ирээдүйнхээ төлөө л хийж байгаа зүйл. 

Гэрэл зураг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 260 санал өгсөн байна.

Дээшээ