Н.Оргилболд: Язгуур урлаг бол сонгодог урлаг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2019-07-05 11:05 GMT+8

Энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Тэнгри Медиа” компанийн үүсгэн байгуулагч, урлаг судлаач Н.Оргилболдыг урилаа. Тэрээр энэ сарын 7-12-нд тоглох ардын болон орчин үеийн урлагийг нэгтгэсэн “Legend” энтертайнмент шоуны бүтээлч захирлаар ажилласан юм.

-Монголд анх удаа орчин үеийн урлагийг үндэсний урлагтай хослуулсан том хэмжээний энтертайнмент тоглолт болох гэж байна. Энэ тоглолтыг хийх санаа хэрхэн төрсөн юм бэ?
-Төслийг санаачлагч, продюссер нь Х.Соёмбо гэж хүн бий. Анх морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан есөн уртын дуучинтай концерт хийе гэсэн. Энэ санааг нь задлаад олон төрлийн урлагийг өөртөө нийлүүлсэн нийлмэл хэлбэрийн тайзны бүтээл буюу синтеци арт шоу хийе гэж шийдсэн. Нэг урлагийн хэлийг нөгөө урлагийн илэрхийлэмжтэй нэгтгээд илүү нарийн илэрхийлэмж гаргаж ирэхийг зорьсон.

-Уртын дуу, цирк, балетыг нэгтгэсэн тоглолт гэхээр сонирхол татаж байна. Уран бүтээлчдээс чамгүй хөдөлмөр, ур чадвар шаардаж байгаа болов уу?
-Уртын дуу, балет хоёр нэгдээд мөн чанараа алдахгүйгээр цоо шинэ  мэдрэмжийг хүнд өгч болно. Уртын дуу, ардын дуугаар илэрхийлж байгаа санааг циркийн үзүүлбэрээр эсвэл цоо шинэ хөгжим, балетаар дамжуулж илэрхийлж болдог гэдгийг харуулахыг зорьсон. Балетын бүжигжид модерн, контемпорари, ионкласс гэсэн олон урсгалыг үзүүлнэ. Бид энэ тоглолтод их ач холбогдол өгч гэрэл, тайзны чимэглэл, хувцас, дэглэлт бүх зүйлийг цоо шинээр хийж ажиллаж байгаа.

Бид 2000 жилийн тэртээх оюун санааг ойлгохын тулд илүү их хичээх, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Үүнийг дотоод нүүдлээ сэрээх гээд байгаа юм. 

Бас хувцсаар дамжуулж санаагаа илэрхийлэх учраас зүгээр нэг даавуу эмжээрлээд оёх биш зүүлт, чимэглэл хийж байна. Өөр өөр чиглэлийн 120 гаруй уран бүтээлчийг нэгтгэсэн том энтертайнмент шоу учраас биднийг их сорьж байгаа. Хөгжмийн продюссер дуучдыг сонгохдоо урдын дууны, ардын дууны чиглэлээр нэрсийн жагсаалт гаргаад өөрийн гэсэн хэв маягтай дуучдыг гаргаж ирсэн. Уртын дуу сонсоход ижил юм шиг хэрнээ өөр аялгаар, өөр байдлаар дуулдаг юм билээ.

“Номадик балет” продакшны модерн, ионкласс гэсэн шинэ төрөл, урсгалыг хөгжүүлж буй шинэ үеийн авьяаслаг балетын гоцлоочидтой хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа. Ер нь мэргэжилдээ хамгийн шилдгүүд нь цугларсан.

-Дотоод нүүдлээ сэрээ гэсэн уриа анхаарал татаж байна. Яагаад ийм уриа сонгосон юм бэ?
-Миний ойлголтоор нүүдэлчид амьдралын хэв маягаасаа илүү сэтгэлгээгээрээ бусдаас ялгардаг. Тэд хайрцаглагдаагүй, чөлөөтэй сэтгэлгээтэй байдаг. Тиймээс  бидний дотор байгаа чөлөөтэй, задгай сэтгэлгээгээ сэрээгээсэй гэсэн зорилгоор энэ уриаг гаргаж ирсэн. Хүн бол оюуны амьтан. Гэтэл бид харагдах байдалдаа хэт их  анхаараад дотоод сэтгэл, сэтгэлгээгээ орхигдуулаад байх шиг. Урлаг мөн адил  ийм хэлбэр рүү орчихоод байна. Гадна талаас нь хүмүүст гоё харагдуулах гэж хичээгээд урлагийн дотоод мөн чанар, утга агуулгыг алдагдуулж байна. Бид 2000 жилийн тэртээх оюун санааг ойлгохын тулд илүү их хичээх, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Үүнийг дотоод нүүдлээ сэрээх гээд байгаа юм.

Монголын үндэсний  урлаг сэтгэлгээний хувьд дуусдаггүй,  хээлэг урлаг. Хээ шиг хэзээ ч дуусдаггүй, шинэ санаа гарч ирээд үргэлжлээд л байдаг, цаашаа сэтгэх орон зай их бий гэсэн үг юм. Тиймээс язгуур урлаг бол сонгодог урлаг гэж би хэлээд байгаа юм. Бид хар бараан зүйлийг  их ярьдаг хэрнээ сайхан зүйлийг огт ярьдаггүй. Тиймээс аливаа зүйлээс сайхныг нь олж харж, сайхан зүйл рүү тэмүүлдэг байгаасай гэж хүсч байна. Бас морин хуурын чуулгын хөгжимчин, зураач Г.Гантулгын зургийн үзэсгэлэнгээс бэр  цэцгийн сайхныг олж хараарай. Олон төрлийн техник  ашиглан зурсан “Бэр цэцэг” гэсэн хэд хэдэн бүтээл бий.

-Бэр цэцгийн домгоос сэдэвлэсэн тайзны тоглолт үзүүлнэ. Үнэнч байдлын тухай өгүүлдэг шиг санагдаж байна. Яагаад энэ домгийг сонгосон юм бол?
-Найруулагч Н.Наранбаатар энэ домгоор тайзны бүтээл хийх санааг гаргасан. Нэрт найрагч Б.Ринчен гуайн  “Бэр цэцэг” найраглал бий. Хайртай хүнийхээ араас харууссан үнэнч эмэгтэйн нулимс нь  бэр цэцэг болсон домог байдаг. Тиймээс бэр цэцэг хайртай хүндээ, гэр бүлдээ, өөртөө үнэнч байхыг, хайртай хосууд хагацал үзэхгүй байхыг бэлгэддэг. Бас заавал эргэж ирнэ гэж хайртай хүндээ бэр цэцэг бэлэглэдэг юм. Бие биедээ үнэнч байхыг ойлгуулахыг зорьсон.

-Та язгуур урлагийг сонгодог урлаг гэлээ. Харин нийгэмд ардын дуу, үндэсний урлаг хоцрогдсон гэх буруу ойлголт байдаг?
-Түрүүн хэлсэнчлэн монголчуудын хувьд язгуур урлаг бол сонгодог урлаг юм. Олон мянган жилийн турш сонгогдож, төгөлдөршиж ирсэн хэдэн мянган жилийн тэртээх өвөг дээдсийн оюун санааны өв нь хадгалаастай байдаг учраас язгуур урлагт би  их хайртай. Уртын дууг нийтийн урлаг шиг хүлээж аваад байгаа болохоор сонгодог утгаа алдчихаад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өв тээгчид  болох дуучид нь байдаг. Гэтэл тэднийг сонсох олон нийт нь байхгүй болчихоод байгаа юм.

Биет бус өв бол миний оюун санаанаас чиний оюун санаа руу дамжихгүй бол устаж үгүй болдог зүйл. Олон мянган  жил  шигшээд ирсэн дуугаа сонсдог, үнэлдэг болох хэрэгтэй байна.

Бид сонгодог гэж орчуулдаг ч классик гэдэг үлгэр жишээ, хамгийн шигшигдмэл гэсэн үг.  Хэрэв монгол хүн сонгодог урлагтай байхыг хүсч байгаа бол сонгодог гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Уртын дууг бидний өвөг дээдэс дуулаад өнөөг хүртэл дамжуулаад ирсэн учраас сонгомол шинж чанартай юм. Үндэсний урлагаа сонгодог, шилмэл урлаг гэдгийг мэдчихсэн бол тэрийгээ шинэчилж сайжруулах ёстой.

Хэд хэдэн урлаг нийлэхээрээ илүү яруу тансаг өгүүлэмжтэй болохыг олж хараасай, уртын дуу, язгуур урлаг сонгодог гэдгийг мэдрээсэй гэж хүсч байна. Гэр бүл, ээж аав, хайртай хүн, хүүхэдтэйгээ ирж Монгол гэдэг ертөнцийн тухай дахиад нэг олж харж, эх орноороо бахархах сэтгэл, нүүдэлчин сэтгэлгээгээ сэргээгээсэй гэж хүсч байна. 2015 онд Дэлхийн эдийн засгийн форумаар 2020 онд хамгийн чухал ур чадварт  бүтээлч сэтгэлгээ орсон. Нүүдэлчин сэтгэлгээ гэдэг бүтээлч сэтгэлгээг хэлээд байгаа юм.

-Сонсогчдыг хэрхэн бий болгох ёстой юм бэ. Язгуур урлагаараа бахархах сэтгэлийг багаас нь суулгах ёстой юу?
-Би нэг зүйлийг мартдаггүй. ОХУ-д оюутан байхад миний сурч байсан хотод Русский музей гээд Оросынхоо сонгодгуудын бүтээлийг дэлгэдэг алдартай музей байлаа. Тэр үед нүүдлийн тухай үзэсгэлэн нэг сар шахам тэнд гарсан юм. Би үзэсгэлэнгийн нээлтийн үеэр гэхээсээ илүү хүмүүс цөөрсөн үеэр буюу дараа нь очих дуртай. Тэгээд нээлтээс нь хэд хоногийн дараа өглөө эрт 08:10 цагаас нээснээс нь хойш 10 минутын дараа очсон чинь хүн дүүрэн байсан.

Эцэг эхчүүд 4-5 настай хүүхдээ хөтөлчихсөн цэцэрлэгээс нь  өмнө музей үзүүлж байгаа нь тэр. Бид мөн адил  Монголын сонгодгуудынхаа бүтээлийг хүүхэддээ багаас нь  үзүүлэх ёстой. Багаас нь уртын дуу сонсгочих юм бол хайрцаглагдаагүй сэтгэлгээтэй болж төлөвшинө. Дууны дотоод мөн чанарыг нь ойлгох юм бол  хэн ч хэлж өгөхөөргүй тийм нууцыг хүүхдүүд олж мэднэ . Монголчууд найз нөхөд, ажлын газрынхантай тоглолт үзчихээд хүүхэдтэйгээ хамт кино, үзвэр, үзэсгэлэн үздэггүй.  Хайртай гэж хэлэхээс илүү чи монгол хүн, чи өөрөөрөө бахархах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдэдээ амьдралын утга учрыг шингээсэн үлгэр, домог зохиогоод өгчихдөг болоосой.

-Цаашид үндэсний урлагаа хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой юм бэ?
-Биет бус өв бол миний оюун санаанаас чиний оюун санаа руу дамжихгүй бол устаж үгүй болдог зүйл. Олон мянган  жил  шигшээд ирсэн дуугаа сонсдог, үнэлдэг болох хэрэгтэй байна. Монголчууд өөрсдөө үнэлэхгүй хэрнээ “Хү” хамтлагийг гадаадынхан үнэлээд дэлхий даяар таньдаг больчихсоны дараа л манай “Хү” хамтлаг гэж шуурсан. Гэхдээ гадаадынхан бус өөрсдөө эхлээд үнэлдэг байя. Уртын дууны гайхамшгийг хүн болгон ярьж чаддаг, ядаж 1-2 дууг мэддэг, сонсдог болчихвол үндэсний урлаг дээд шатанд очих гээд байна.

Соёлыг үлдээдэг баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх гэсэн хоёр арга байдаг. Одоогийн энэ хэлбэр нь таалагдахгүй байгаа бол орчин үеийн урлагтай хослуулбал таалах уу гэдэг хувилбарыг энэ тоглолтоороо бид олгож байна. Үндэсний урлагаа авч үлдэхийн тулд өөрсдөө хэрэглэгч нь байх ёстой. Ардын болон уртын дуугаа сонсоод, хүүхэддээ гайхамшигт шинж чанарыг нь хэлж өгөөд энэ урлагаа сонгодог урлаг гэдгийг хүлээн зөвшөөрч, үнэлээд сурчихвал үндэсний урлаг хөгжинө гэж би бодож байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 485 санал өгсөн байна.

Дээшээ