С.Ариунболд: Хүүхдүүд төөрч, моринд өшиглүүлэх тохиолдол их гардаг учир сэрэмжлээрэй

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-11 09:10 GMT+8

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга С.Ариунболдоос баяр наадмын үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар тодрууллаа.

-Хүй долоон худагт ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүй долоон худагт хурдан морь унаач хүүхдүүд болон наадамчин олонд 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Ингэхдээ гурван эмч, гурван автомашинтайгаар, хурдан морь унаач хүүхдүүдэд зургаан эмч үйлчилж байгаа.

Гэрт олуулаа хуушуур идэж байгаад түлэгдэх, өндөр настнууд эмээ авалгүй гарснаас даралт ихсэх, цус харвах, морь мал мэдэхгүй хүмүүс морь унаж, морины хөлс авах гэж дайрснаас моринд өшиглүүлэх, хазуулах зэрэг ослын дуудлага их байсан.

Энэ жил эм, тарианы 14 хоногийн нөөцтэй эмнэлгийн хэсэг гарган ажиллаж, даралт ихсэх, харшил, зүрх судасны өвчин, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО зэрэг үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлог.

-Өнгөрсөн жилүүдэд нийтлэг ямар өвчлөл бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авч байв?
-Өнгөрсөн хоёроос гурван жилийг судлахад хур бороо багатай, гантай жилүүдэд тоосжилт эхээс болж унаж бэртэх тохиолдол элбэг байсан. Мөн наадамчин олон тухайн үеийн цаг агаараас шалтгаалж тусламж үйлчилгээ авах нь элбэг. Сүүлийн хэдэн жил гэрт олуулаа хуушуур идэж байгаад түлэгдэх, өндөр настнууд эмээ авалгүй гарснаас даралт ихсэх, цус харвах, морь мал мэдэхгүй хүмүүс морь унаж, морины хөлс авах гэж дайрснаас моринд өшиглүүлэх, хазуулах зэрэг ослын дуудлага их байсан.

Мөн уралдаан эхлэх, дуусах үед автомашины хурдыг тохируулаагүй, хурд хэтрүүлснээс мөргөлдөх, замын хажуу руу унах зэрэг ослууд бүртгэгдэж байсан. Ард түмэн минь наадалгүй яах вэ, гэхдээ цагаа зөв тооцоолж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байна.

Хүүхдүүд төөрөх, моринд өшиглүүлэх тохиолдол их гарсан учраас хүүхдүүддээ анхаарал хандуулах хэрэгтэй.

Энэ жилийн баяр наадмын үеэр гэнэтийн усархаг бороо орох төлөвтэй байгааг мэдээлж буй тул үер усны ослоос сэргийлэхийг зөвлөж байна.

Баталгаагүй, ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, айраг гэнэт их ууснаас хоолой бачуурах, амиа алдах тохиолдол байдаг тул болгоомжлох нь зүйтэй.

-Өчигдөр хоёр насны хурдан морьд уралдсан. Уралдааны үеэр гэмтэж бэртсэн хүүхэд хэд байна вэ?
-16 хүүхэд морьноос унасан. Тэдгээрээс 10 хүүхэд мориных нь хөл гэмтэх, бахардах зэрэг шалтгаанаас мориноосоо буусан. Морь цуцсан тохиолдолд хүүхдийг буулгах арга хэмжээг Үндэсний баяр наадмын зохион байгуулах комиссоос авч байна. Ийм тохиолдолд хүүхдийг буулгахгүй бол морь үхэх, үүнээс болж хүүхэд гэмтэх эрсдэлтэй. Харин үлдсэн зургаан хүүхдийн нэг тархины доргилттой, тав нь зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Эдгээр хүүхдийг хүүхдийн төлөө байгууллагад хүлээлгэн өгч, даатгалтай хамтран ажиллаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ