Сэхээтэн подкаст: Дадал зуршлын ХҮЧ тогтоон барих ЧАДАЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-20 12:31 GMT+8

Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг Сэхээтэн подкастын хөтлөгч Х.Цогтбилгүүндарь өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэжээ.

Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын тэмдэглэл гэж юу болох мөн хэрхэн хөтлөх; “Willpower” буюу сэтгэлийн тэнхээ гэж вэ, үүнийгээ хэрхэн шавхахгүй байх тухай; 21 хоногт дадал зуршил тогтдог эсэх тухай гэх мэт..

Подкастыг сонсож болно.  

Энэ удаагийн дугаарыг нэгэн алдартай эрхмийн хэлсэн үгээр эхлүүллээ. Холливудын од, тулааны урлагийн мастер, Брюс Ли “Би 10 мянган өөр өшиглөлтийг нэг нэг удаа давтсан хүнээс биш нэг өшиглөлтийг 10 мянган удаа давтсан хүнээс айдаг” гэж хэлсэн байдаг. Амьдралаа сайжруулахын тулд 10 мянган өөр арга замуудыг нэг нэг удаа туршиж үзсэн хүн бус аливаа нэгэн дадал зуршлыг 10 мянган удаа давтаж хийсэн хүн хамгийн хүчтэй байдаг.  

ӨНӨӨДӨР ХЭН БАЙХ НЬ ИЛҮҮ ЧУХАЛ

Дадал зуршил бол хүч. Хүч бол чадалтай хүнд оршдог. Дадал зуршлыг бий болгож чадсан хүн чадалтай байж төдий чинээ хүч чадлаа хэрэглэж чаддаг. Дадал зуршлыг өөрсдийн амьдралд хэвшүүлэхэд нөлөөлөх хамгийн чухал сэтгэлгээ нь “Өнөөдөр хэн байж, юу хийх нь хамгийн чухал”. Өнгөрсөнд биднийг маш олон зүйл тодорхойлдог. Сайн болоод муу тодорхойлолтууд байж болно.

Тамирчдыг хүн болгон тамирчин гэдэг утгаар нь эрүүл, хөдөлгөөнтэй гэж хардаг. Заримдаа тэд өөрсдийгөө бусдын өнцгөөр харж, дасгал сургуулилтаа тасалдуулах тохиолдол бий. Эсвэл ирээдүйн өөртэйгөө одоогийн өөрийгөө жишиж харьцуулж үздэг. Гэхдээ өнгөрсөнд таныг юу гэж тодорхойлдог байсан нь хамаагүй. Ирээдүйд та хэн болох нь хамаагүй. Хамгийн гол нь өнөөдөр амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн дадал зуршлыг яг өнөөдөр л хийх ёстой хэмжээнд нь хийхийг хамгийн ихээр чухалчлах ёстой. Ирээдүйд өөрийгөө харж байгаа тухайн өнцгөө өнөөдөр таныг хойш нь татах хүчин зүйл бүү болгоорой.

ААЖМААР ЭХЛЭХ ЯАГААД ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?

Аажмаар эхлэхийн чухал шалтгааныг өөрийн амьдралдаа хэрэгжүүлж буй гүйлтийн зуршлын жишээн дээр тайлбарлая. Хавар болоод гүйж эхэллээ. Хүн гүйж байх хугацаандаа янз бүрийн зүйл туулж, мэдэрдэг учраас гадаа гүйх таатай. 

Хурдаа бага багаар нэмээд маш хөнгөн гүй

Өөр зүйлүүдийг ажиглаад л, замдаа уруудна, өгсөнө, салхи салхилна, нар мандана жаргана гээд л сайхан мэдрэмж төрүүлдэг. Эхний өдөр гадаа гүйхэд ямар ч асуудалгүй, эрч хүчтэй санагдана. Дараа нь гүйхэд булчин чангарч, бие хөндүүр болсон байдаг. Өөрийгөө хүчилж өвтгөснөөр тухайн гүйлт зовлонтой болоод өндөрлөдөг. Гурав дахь удаагаа гүйхэд хэцүү юм байна, хөл өвдсөн, би зовсон гээд л өмнөх өдөр нь бодогдоно.

Та аливаа зуршлыг эхлүүлэхдээ эхний хэдэн удаа хийж байгаа зүйлээсээ сэтгэлийн таашаал авахыг хичээх хэрэгтэй. Гүйлтийн спортоор жишээ аваад яривал эхний өдөр гүйхээр гарахдаа алхаж болно. Хурдаа бага багаар нэмээд маш хөнгөн гүй. Хөл тань өвдвөл хурдаа удаашруулаад өөртөө тааламжтай байдлаар гүй. Өөрөөр хэлбэл гүйлт тань энгийн, гоё туршлага болж үлдэх ёстой.

Бусад дадал зуршлуудыг ч мөн энэ байдлаар энгийн, аажмаар эхлэх чухал. Жишээ нь бясалгалыг хүндрүүлж бодохоос илүүтэйгээр нэг минут амьсгал дээрээ төвлөрөөд аажмаар эхэлж болно шүү дээ. Энэ нь аливаа дадал зуршлыг өөрийн амьдралдаа тогтоох хамгийн чухал хүчин зүйл болдог.

ЗУРШЛЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ НЬ ӨӨРТӨӨ ҮНЭНЧ БАЙХ ОРОН ЗАЙГ БИЙ БОЛГОДОГ

Аливаа дадал зуршил эхлүүлэхээр шийдсэн бол зуршлын тэмдэглэл хөтлөх нь маш чухал. Миний хувьд өмнө нь аливаа нэгэн дадал зуршил амьдралдаа хэрэгжүүлж эхлэх үед нүдэнд ил харагдах газар долоо хоногийн хүснэгт гаргаад наачихдаг байсан. Зарим үед амьдралдаа дадал зуршил бий болгох гэж оролдоод байгаа хэдий ч чадахгүй үеүүд байдаг. Тухайн үед надад хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл нь зуршлын тэмдэглэл хөтлөх байв. Зарим хүмүүс юмыг сонсож, зарим нь хийж, зарим нь төсөөлж харж сурдаг.

Амьдралдаа бий болгож байгаа дадал зуршлуудаа цаасан дээр буулгаж, нүдэнд ил харагдах газар байрлуулбал хэдэн хувийн амжилттай явж байгаагаа мэдээд авчихна. Нүдэнд харагдах зүйлтэй байх нь түлхэц болж өгдөг. Нэг хэсэг ханан дээр календар наадаг байсан бол одоо тэмдэглэлийн дэвтэр дээр зуршлуудаа бичээд авч явдаг болсон.

Бид заримдаа нэг удаа алдаад л буугаад өгчихдөг. 

Зуршлын тэмдэглэл хөтлөх нь өөртөө үнэнч байх орон зайг бий болгодог. Бид заримдаа нэг удаа алдаад л буугаад өгчихдөг. Хоолны дэглэмтэй байлаа гэж бодоход нэг удаа зайрмаг идээд л өнгөрсөн хэрэг гээд буугаад өгчихдөг. Та долоо хоногийн 6 хоног нь хоолны дэглэмээ бариад нэг л өдөр нь хоолны дэглэмээ бариагүй. Та 7 удаа ялах боломжийн 6-д нь ялж, 1-т нь ялагдсан байна. Энэ бол маш том амжилт. Хэдийгээр нэг өдөр алдсан ч гэсэн амжилтаасаа урамшиж, зуршлаа үргэлжлүүлэн хэвшүүлэхийг оролдох хэрэгтэй.    

Зуршлын тухай судалгаанууд бий. Та долоо хоногийн гурван өдөр биеийн тамирын спортоор хичээллэх зуршил өөртөө бий болгоно гээд амласан гэж бодъё. Гэтэл үнэхээр амьдралд ямар нэгэн зүйл тохиолддог. Нэг өдөр дасгалаа хийхгүй орхисон байж болно. Тэгвэл таны амьдралд бий болгож байсан зуршил талаар өнгөрөх үү? Мэргэжлийн сэтгэл зүйч нарын үзсэнээр “Үгүй”. Гэхдээ байнга шалтаг гаргаж, зуршлаа эвдээд байж болохгүй. Өөртөө үнэнч байх, зөөлөн байх, өмнөх ялалтуудаас таашаал авах боломжийг зуршлын тэмдэглэл танд олгоно. Зуршлын тэмдэглэл хөтлөх нь тархинд өрөө гаргаж өгдөг.

Мөн ухаалаг утсыг ухаалгаар ашиглавал шинэ дадал зуршил хэвшүүлэхэд тустай. Амьдралдаа шинэ дадал зуршил хэрэгжүүлж эхлэхэд туслах аппликейшнүүдээс сонирхуулахад:

  • Headspace- Бясалгалын аппликейшн
    Headspace-ийг анх удаа бясалгал хийж эхэлж байгаа хүнд санал болгож байна. Хэдэн өдөр дараалж бясалгал хийснийг тань хэлж өгдөг давуу талтай. Энэхүү апп нь төлбөртэй хичээлүүдтэй ч гэсэн эхний 10 хоногийн суурь бясалгалын хичээл үнэгүй байдаг. 
  • Fitnotes (Android)- Хүндийн өргөлт, биеийн тамир
  • Fitbit/ S Health- Гүйлт/нойр/усанд сэлэх гэх мэт янз бүрийн дасгалууд
    Дасгал хөдөлгөөнийг хөтөлж, тэмдэглэх зориулалттай ухаалаг цаг гэж ойлгож болно. Нойроо хэмжих, хэдэн км алхсан гэдгээ мэдэх, хэр их ус ууж байгаа зэргээ мэдэж болно. Гүйж байхдаа хиймэл оюун ухааны дасгалжуулагчтай хамт гүйж боломжтой гээд олон давуу талтай.

СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ- ШИЙДВЭР ГАРГАХ СУЛЬДААНААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Насанд хүрсэн хүн өдөрт 35 мянга орчим өөр шийдвэр гаргаж байдаг. Бид амьдралдаа аль болох бага шийдвэр гаргаж байж төдий чинээ сэтгэлийн тэнхээгээ хадгалж үлдэнэ. Өглөө 100 хувийн цэнэгтэй сэрлээ. Энэ цагаас авахуулаад л “Босох уу”, “Буцаад жаахан унтах уу” гээд шийдвэр гаргаж эхэлнэ. Хэрэв та өглөө бүр 7 цагт сэрнэ гэдэг дадал зуршлыг амьдралдаа бий болгох шийдвэрийг гаргаагүй бол сэтгэлийн тэнхээгээ хэрэглэдэг. Өмнөх шөнө нь өглөөний цай бэлдэж, бясалгал хийгээд өглөөг маш бүтээлчээр эхлүүлнэ гэж бодсон. Гэтэл босох эсэхээ шийдэж чадахгүй байж байдаг.

Үнэхээр шийдчихсэн учраас гадаа гарч гүйх эсэхээ бодох шаардлагагүй.

Нийт насанд хүрсэн хүмүүсийн 80 хувь нь өглөө босоод шүдээ угаахаас өмнө гар утсаа оролдож байна гэсэн судалгаа бий. Маш олон хүмүүс  энэ шийдвэртээ сэтгэл хангалуун бус байдаг. Өглөө босоод гар утсаа оролдохгүй гэсэн амьдралын шийдвэрийг гаргаагүй байна гэсэн үг. Энэ мэт байдлаар бид сэтгэлийн тэнхээгээ алхам тутамдаа ашиглаж байдаг.

Бид сэтгэлийн тэнхээгээ байнга хэрэглэж, дуустал нь шавхаад байх шаардлагагүй. Зуршлын тэмдэглэлийг өөрөөр шийдвэр гаргалтын дэвтэр гэж нэрлэж болно. Дөрөвдүгээр сар бол гүйлтийн улирал гээд шийдвэр гаргаад дэвтэр дээрээ биччихсэн. Үнэхээр шийдчихсэн учраас гадаа гарч гүйх эсэхээ бодох шаардлагагүй.

Аливаа шийдвэрийг гаргахад гурван зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Аливаа шийдвэрийг гаргаж, амьдралдаа хэрэгжүүлж эхлэхэд ямар нэгэн саад бэрхшээл байх ёсгүй. 
  2. Дадал зуршил хэвшүүлж эхлэхдээ энгийн, жижиг алхмуудыг хийх хэрэгтэй. Тухайлбал, гадаа гарч гүйхийн тулд цаг агаартай тааруулж хувцаслаад өглөөний цай уусан байхад болно.
  3. Дадал зуршлыг амьдралдаа бий болгоход нэг сараас бага хугацаа зарцуулах боломжтой.

Бид шийдвэр гаргаж тухайн шийдвэртээ үнэнч байснаар сэтгэлийн тэнхээгээ хадгалж болно. Мөн  олон зуршлыг нэг дор хэвшүүлэх гэж оролдох хэрэггүй. Хүмүүс шинэ он гарахад маш олон зорилгыг урдаа тавиад хэрэгжүүлнэ гэж боддог. Олон дадал зуршлыг өдөр болгон хийх гэж оролдох тохиолдолд дийлэнх нь би чадахгүй юм байна гээд буугаад өгчихдөг.

Нэг зуршлыг амьдралдаа бий болгохын тулд дунджаар нэг сар зарцуулах хэрэгтэй. Та өнөөдрөөс амьдралдаа хэрэгжүүлж эхлэх 12 зуршлыг тодорхойлоорой. Эхний зуршлаа бий болгосны дараа хоёр дахь зуршлаа хийж байх хугацаандаа эхний зуршлаа хадгалаад явах хэрэгтэй. 12 зуршлаасаа тунаж үлдсэн өөртөө тохирох 4-5 дадал зуршилтай хүн амьдралдаа зуршлын хүчийг бий болгоогүй хүний дэргэд хол илүү байж чадна.

СУУРЬ ДАДАЛ ЗУРШИЛ ИЛҮҮ ХҮЧТЭЙ БАЙДАГ

Хүний амьдралд зарим дадал зуршлууд бусдаасаа илүү хүчтэй байдаг. Суурь дадал зуршил нь бусад амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай зөв зуршлуудыг бий болгоход хамгийн их нөлөө үзүүлнэ. “Business” insider сайтад дурдсан 8 суурь дадал зуршлыг сонирхуулж байна.

  • Гэр бүлээрээ оройн хоол идэх
    Магадгүй энэ жижиг зүйл байж болох ч хүний амьдралд маш том, эерэг нөлөө үзүүлдэг.
  • Өглөө болгон ороо хураах
    Монголчуудын хувьд ороо хураахгүй бол ажил бүтдэггүй гэж ярьдаг. Хачирхалтай нь Америкчууд байнга ороо хураагаад байдаггүй. Ор хураадаг хүмүүс илүү ажилдаа дуртай, өөрийн гэр оронтой, тогтмол дасгал сургуулилт хийдэг, сайн унтаж амарсан хүмүүс байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Хүрээлэн буй орчин цэвэрхэн байвал хүн илүү бага бухимддаг.
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
    Энэ нь сайхан ааштай байх, өөртөө итгэлтэй байх, бухимдалгүй байх, илүү сайн нойр авахад тусалдаг.
  • Хоолны зуршлаа тэмдэглэх
  • Өдөр тутмын тогтсон хэвшил бий болгох
    Хүн бүр өглөөг өөрөөр эхлүүлдэг. Тогтмол хэвшилтэй хүмүүс энгийн хүмүүстэй харьцуулахад илүү эрүүл, бүтээлч, санхүүгийн сахилга баттай, аз жаргалтай байдаг.
  • Бясалгал
    Одоо цагт амьдрах чадварыг сайжруулах, бухимдал арилгах, сэтгэлээр унахаас сэргийлэх, зорилгодоо тууштай байхад туслах зэрэг олон давуу талтай.
  • Өдөр тутмыг төлөвлөх
    Шинэ өдрийн ажлыг төлөвлөх нь илүү биелэх магадлалтай байдаг. Толгой тархи цэгцэрнэ.
  • Хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй байх
    Хувь хүний хатуужилтай байх тусам төдий чинээ хүн илүү их сэтгэлийн тэнхээтэй байдаг.

21 ХОНОГТ ДАДАЛ ЗУРШИЛ ТОГТДОГ УУ?

1950-иад онд Максвелл Малтз хэмээх гоо сайхны мэс засалч нэг зүйлийг ажиглажээ. Нэгэн өвчтөнд хамар шилжүүлэн суулгах мэс засал хийсний дараа хамар нь 21 хоногийн хугацаанд эдгэжээ. Бусад эрхтэн шилжүүлэн суулгахад ч гэсэн хүний тархи шинэ эрхтнээ таньж, удирдахад 21 хоног шаардаж байжээ.

Доктор Малтз тухайн үед өөрийнхөө амьдралын бусад хэсгүүдэд шинэ дадал зуршил бий болгоход 21 хоног шаардлагатай байгааг ажигласан байна. Тэрээр ажиглалт дээрээ тулгуурлаад 1960 онд “Psycho-Cybernetics” ном хэвлүүлсэн нь 30 сая хуулбар зарагдаж байжээ. Тухайн үед хувь хүний хөгжлийн мэргэжилтнүүд 21 хоног гэдэг ойлголтыг бий болгож, 21 хоногийн дотор шинэ дадал зуршлыг амьдралдаа хэвшүүлэх боломжтой гэдэг санааг нийгэмд тарааж эхэлсэн.  

Уг үзэгдэл ажиглалт дээр тулгуурласан болохоор шинжлэх ухаанаар нотлогдоогүй. Гэхдээ аливаа нэгэн дадал зуршлыг хэвшүүлэхдээ 3-4 долоо хоног зарцуулсан тохиолдолд амьдралын хэв маяг болоод явах боломжтой.

АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ОРОЛДОЖ БАЙГАА ДАДАЛ ЗУРШЛУУД

Хүмүүс шинэ он гарахад зорилтуудаа тавьдаг шүү дээ. Миний хувьд хаврын улиралд цас мөс хайлж, цэцэг навч дэлгэрэх үеэр өөрийгөө шинээр нээх ёстой юм шиг мэдрэмж төрдөг. Ингээд өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг оролдож байгаа дадал зуршлуудаас сонирхуулж байна.

  • Гүйлтийн спорт
  • Бясалгал
  • Хэсэгчилсэн мацаг барих
  • Бага нүүрс устай хоол идэх
  • Унтах- Өдөрт авах нойрны хэмжээгээ тогтмол барих
  • Оюун ухааны хайрцаг зуршил- Өдөр бүр толгойдоо эргэлдэж байгаа бодол, хийх ёстой зүйлүүдээ бичиж тэмдэглэх, төлөвлөх
  • Өдөр бүр тогтмол цагт ном унших
  • Хувийн Минимализмийн төсөл- 30 хоногийн турш энгийн байдлаар өөрийнхөө амьдралд хэрэггүй, цаг үеээ өнгөрөөсөн эд зүйлүүдээс ангижрах;

Өөртөө үнэнч байх нь бууж өгөх бус илүү их зүтгэх, тууштай байхад тусална. Өнгөрсөнд бий болгосон ялалтуудаа үнэлж, шинэ оргил мэт хэрэглэж болно. Өнгөрсөн болон ирээдүйгээ үл тоож өнөөдөр яг хэн бэ гэдэгтээ анхаарч, амьдралдаа хэрэгжүүлэх ёстой зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлцгээе. Өчигдрөөс илүү маргаашийг бүтээхийн тулд зөв дадал зуршлыг амьдралдаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй юм шүү. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 235 санал өгсөн байна.

Дээшээ