Т.Энхтүвшин: Нөхөртэйгөө хоёр жил судалсны эцэст Солонгос дахь Монголчуудад зориулсан аппликэйшнийг бүтээсэн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-18 08:30 GMT+8

ГАРААНЫ БИЗНЕС

“Монгол хүн таны Солонгос дахь хөтөч” уриатай МKOR аппликэйшнийг энэ удаад ГАРААНЫ БИЗНЕС буландаа онцолж байна.

Гурван жилийн өмнө БНСУ руу аяллаар явсан гэр бүлийн хоёр энэ аппликэйшний санааг олж, улмаар хоёр жил гаруйн хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр өнгөрсөн хоёрдугаар сард хэрэглэгчдэд хүргээд байгаа юм.

“БНСУ-д 50 мянга гаруй Монголчууд ажиллаж амьдарч байна. Эдгээр хүнд олон төрлийн хэрэгцээ шаардлага гардаг. Нөгөө талаас зөвхөн Монголчуудад зориулан үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллагуудыг холбох зорилгоор энэхүү хөтөч апплекэйшнийг нээн ажиллуулж эхлээд байна” хэмээн “MKOR” хөтөч ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхтүвшин яриагаа эхэлсэн юм.

Хоёр жилийн хугацаанд судалж, төлөвлөсний эцэст сайтаа аппликэйшн хэлбэртэй байвал илүү амар, бас хүртээмжтэй юм байна гээд өөрчилсөн

Ингээд БНСУ-д ажиллаж, амьдарч буй, тус улсыг зорихоор зэхэж буй хэн бүхний гар утсандаа суулгавал зохих тус аппликэйшний талаар ярилцсанаа хүргэж байна.

-Аппликэйшн хийх санаа хэзээ, хэрхэн төрсөн талаар яриагаа эхэлье.
-Одоогоос гурван жилийн өмнө нөхөр бид хоёр аялахын зэрэгцээ шинэ содон зүйлстэй танилцах зорилгооор БНСУ-г зорьсон. Тухайн үед нөхрийн маань ах, дүү хоёр маань тэнд байсан учраас байр, аяллын төлөвлөгөө, ойр зуурын зардал, хэлмэрч, хөтөч, бэлэн байсан л даа. Хэсэг хугацаанд байсан учраас аялахын зэрэгцээ монголчуудын юу хийж, хэрхэн амьдарч байгааг биеэр үзэх боломж олдсон. Бид аялалаасаа эргэн ирсний дараа нөхөр маань ганцаараа дахин БНСУ-ыг зорьсон юм. Тухайн үед байр, хэлмэрч, ажил, ойр зуурын зардал мөнгө гээд хэрэгцээ, шаардлагаа өөрөө зохицуулах хэрэгтэй болсон. Олон нийтийн сүлжээний хэрэглээ өнөөдрийнх шиг байсангүй. Мэдээлэл авахад тийм хялбар байгаагүй юм билээ.

Ингээд л БНСУ-д байх хугацаанд өөрт нь тулгарч байсан асуудлуудыг шийдэх гарцыг аппликэйшнээр дамжуулан нээж болох юм байна гээд эхэлж байлаа.

Тухайлбал хаана байрлах, ажил хэрхэн олох, ажил оллоо гэхэд цалингаа Монгол руу яаж явуулах вэ, бараа явуулахад ямар карго нь найдвартай бол гээд л. Тэр бүү хэл Монголчуудын хувьд махны асуудал ч тулгардаг юм билээ. Сонсоход жижиг мэт боловч тулаад ирэхээр асуудал болдог. Ингээд нэгдсэн мэдээллийн сайт нээхээр судалж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд судалж, төлөвлөсний эцэст сайтаа аппликэйшн хэлбэртэй байвал илүү амар, бас хүртээмжтэй юм байна гээд өөрчилсөн.

“Мэдээ мэдэээлэл”, “Түмэн зар”, “Бизнес” гэсэн гурван хэсэг бий

-Нийт хичнээн цэстэй вэ. Ямар үйлчилгээг аппликэйшнээр дамжуулан санал болгож байгаа бол?
-Бид аппликэйшнээ анх очиж байгаа төдийгүй тэнд амьдарч байгаа хүмүүст хэрэгтэй мэдээллийг нэгтгэсэн байдлаар хийхээр зорьсон. БНСУ-д олон жил ажиллаж, амьдарсан, сурч байгаа, Монголоос эмчилгээнд явж буй хүмүүс, зуучлалын компани гээд маш олон хүмүүстэй уулзаж судалгаа хийсэн. Дөнгөж очоод хөлөө олоогүй, хэрхэх, яахаа мэдэхгүй “шинэ” хүмүүстэй ч уулзаж, тулгарч буй бэрхшээл, ямар үйлчилгээ байвал илүү дөхөм байх талаар ярилцсаны үндсэн дээр аппликэйшний цэсүүдийг гаргаж ирсэн гэж болно.

Манай апплекэйшн үндсэн гурван хэсгээс бүрдсэн. Тодруулбал “Мэдээ мэдэээлэл”, “Түмэн зар”, “Бизнес” гэсэн гурван хэсэг бий.

"Мэдээ мэдээлэл" буланд БНСУ-д байгаа Монголчуудад зориулсан албан ёсны мэдээ мэдээлэл болон төрөл бүрийн хэрэгцээт зөвлөгөөг байршуулан хүргэдэг.

"Түмэн зар" хэсэгт тус апплекэйшний хэрэглэгчид зар мэдээллээ үнэ төлбөргүй оруулан бусдад түгээх боломжийг олгож байгаа юм.

"Бизнес" цэс хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг ангилж бизнесийн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг багтаан оруулсан. Жишээ нь каргонд ачаа  өгөх хүсэлтэй байвал тус апплекейшний карго цэс дотор тус үйлчилгээг үзүүлдэг хэрэглэгчдийн хамгийн их итгэлийг хүлээсэн найдвартай компаниудын мэдээллийг байршуулсан. Үүнтэй адил МКOR апплекэйшн нь  гар утас-дугаар, хууль эрх зүй, эмчилгээ, махны худалдаа, мөнгө санхүү, сургалт гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хууль ёсны байгууллагуудтай хамгийн шуурхай найдвартай холбож өгнө гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгч манай аппликэйшнээр дамжуулж эдгээр байгууллагатай холбогдох боломжтой.

-БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэдийг нэгтгэсэн нэлээд хэдэн идэвхтэй групп байдаг юм билээ. Тэднээс давуу тал нь юу байна вэ?
-Мэдээллийн хязгааргүй урсгал дунд сайн, муу аль аль нь бий. Дээр нь мэдээлэл хэт их болоод ирэхээр хайлт удаашрах ч талтай. БНСУ-тай холбоотой олон групп мөн тооны хуудас байна. Гэтэл хүн хэрэгтэй үйлчилгээгээ олж авахын тулд энэ бүхнийг ухаад суух зав хомс. Тэр тусмаа гадаадад, БНСУ-д ажиллаж, сурч байгаа хүмүүс маш завгүй байдаг. Өглөө үүр цайхтай зэрэгцэж гараад л орой ирдэг. Ажил хийхгүй бол амьдрах арга байхгүй учраас бүгд л цаг наргүй хөдөлмөрлөдөг. Тэгэхээр энэ завгүй хүмүүст нэг дор бүхнийг агуулсан цогц мэдээлэл яал т ч үгүй чухал. Тиймээс бид тодорхой, үнэн бодит мэдээллийг албан ёсны, баталгаатай үйлчилгээтэй нэгтгэснээрээ давуу талтай. Нөгөө талаас бизнес эрхлэгчид чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдэд, хэрэгтэй хүндээ очихгүй байгаа учраас бид энэ хоёр зураасыг огтлолцуулж байгаа юм.

Мэдээллийн хязгааргүй урсгал дунд сайн, муу аль аль нь бий. Дээр нь мэдээлэл хэт их болоод ирэхээр хайлт удаашрах ч талтай

Дээр нь бид аппликэйшнээрээ дамжуулан хоёр улсын дипломат төлөөлөгчийн газрын албан ёсны мэдээ, мэдээллийг хүргэдэг. БНСУ-ын их, дээд сургуулиуд, хэлний бэлтгэлд урт, богино хугацаагаар суралцах сонирхолтой хүмүүс албан ёсны эрх бүхий зуучийн газруудын мэдээллийг манайхаас авч болно.

Бараа бүтээгдэхүүн импортлохоор сонирхож байгаа хүмүүс тус улсын бизнес эрхлэгч, түншүүдтэй холбогдох, захиалга тээврээ шийдэн цаг хугацаа, мөнгөө хэмнэх боломж бий.

Эрүүл мэндийн аялал жуулчлал ч манай улсын хувьд томоохон зах зээл болоод байна. Тиймээс монголчуудын эрэлтийг судлаад, нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа үйлчилгээг хамгийн найдвартай, хямдыг нь олж, санал болгож байна.

Технологийн хөгжилд тулгуурлан нээгдсэн боломжийг хүн бүрд орон зай үл хамааран хүргэх, хэмнэлт, түргэн шуурхай, найдвартай шийдлийг бий болгох нь бидний зорилго гэж болно.

-Албан ёсны гэрээтэй газруудаас гадна “Түмэн зар” цэсэнд иргэд өөрсдөө мэдээлэл оруулдаг юм байна. Хуурамч гэдэг юм уу эсвэл эрсдэлтэй мэдээллээс хэрхэн сэргийлж байна вэ?
-Манай мэдээллээс болж хэн нэгэн хохирдоггүй байх нь бидний өөрсдөдөө тавьж буй шаардлага гэж болно. “Түмэн зар” цэс хэрэглэгч бүрийн зар мэдээллээ нээлттэй түгээх талбар. Тиймээс бид “Түмэн зар” цэсийг шүүлтүүрдэх хэрэг гардаг. Энэ цэсэнд ихэвчлэн ажил хайж буй, ажилд зуучилж буй зарууд их байдаг л даа. Тиймээс бид цаашид хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй хэрэглэгчийг албан ёсны хөдөлмөр зуучийн газартай холбох талаар судалж байна.

Тус инкубатор төслийн хүрээнд гарааны бизнес эрхэлж буй хүмүүст тулгардаг олон төрлийн бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн зөвлөх болон менторын үйлчилгээг салбарын хамгийн шилдэг хүмүүсээр дамжуулан авах  боломжтой

-Таны хувьд нягтлан бодогч мэргэжилтэй, харин нөхөр тань хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан гэж дуулсан. Технологийн салбарт шинээр бизнес эрхлэх хүндрэлтэй байв уу?
-МКOR апплекэйшнээ энэ оны хоёрдугаар сарын 15-нд албан ёсоор нээснээс хойш багагүй хугацааг үдлээ. Энэ хугацаанд олон сорилтуудтай нүүр тулж л явна даа. Анх их өөдрөг үзэл бодолтой их амжилттай байх болов уу гэсэн хүлээлттэй байснаа нуугаад яах вэ. Нээлтээ хийгээд долоо ч хоноогүй байхдаа Солонгосын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төвөөс IT чиглэлээр шинээр бизнес эрхлэхээр зэхэж буй, дөнгөж эхэлж буй хүмүүст зориулсан дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрт төсөл хүлээн авч буйг найзаасаа сонссон. Бидний эхлэлтэй яг зэрэгцэж таарсан нь тун завшаантай хэрэг болсон. Хэрэглэгчээ хэрхэн татах, маркетинг хэрхэн хийх вэ гээд л бүх заасан зүйл, зөвлөгөөг хэрэгжүүлэх цаг хугацаа нь яг давхцсан.

Тус инкубатор төслийн хүрээнд гарааны бизнес эрхэлж буй хүмүүст тулгардаг олон төрлийн бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн зөвлөх болон менторын үйлчилгээг салбарын хамгийн шилдэг хүмүүсээр дамжуулан авах  боломж нь маш их таалагдсан тул шууд төслөө барин шалгаруулалтад орсон. Тус шалгаруулалтад нийтдээ 30 гаруй IT-салбарын гарааны бизнес эрхлэгч өрсөлдсөнөөс шалгарсан 4 компаний нэгд манай МКOR апплекейшн багтсанд бид туйлын их баярласан.

Бид МKOR апплекейшнг анх нээж байх үед маш өөдрөг бодолтой байсан боловч учирч болох эрсдэл бэрхшээлүүдийг нарийн тооцож түүнээс сэргийлэх талаар хангалттай туршлага мэдээлэлгүй байсныг хожим ойлгосон. Гэвч одоо эргээд харахад бид энэ төсөлд хамрагдсанаар гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг эдгээр хүндрэл бэрхшээлийг өмнө нь даваад туулсан бодит туршлаган дээр үндэслэн мэргэжлийн зөвлөгөө ментор үйлчилгээ авснаар цаашид бизнесээ өргөжүүлж, амжилттай цаашаа хөтлөн авч явах зам маань илүү тодоор харагдах болсон.

Анх бизнес эрхэлж байгаа хүмүүст олон төрлийн бэрхшээл тулгардаг. Оюуны өмч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, сошиал хөгжүүлэлт, компанийн нийгмийн хариуцлага гээд л. Тэгвэл хөтөлбөрийнхөө ачаар яг эдгээр чиглэлүүдээр багш нараас хичээл авч, ментор зөвлөхтэй болсон. “Юү Эн Ай Ти” ХХК-ийн ерөнхий менежер, Б.Баяржавхлан, “Fintech” компанийн гүйцэтгэх захирал Р.Батбаяр гэж хоёр хүн бидний ментороор ажилласан. Сошиал маркетингийн талаар маш хэрэгтэй, үнэ цэнтэй мэдээллийг өгч, хэрхэн ажиллах талаар биечлэн зөвлөсөн хүмүүс маань юм.

Бид дараа дараагийн дугаарын оролцогчдын эрэлд гараад байсан хэдий ч нэвтрүүлэгт маань оролцохыг хүссэн хүмүүс өөрсдөө холбогдож эхэлсэн

Анх сонсоод дөрвөн сар их урт хугацаа санагдсан. Ажлынхаа хажуугаар учраас нэлээд цаг зарцуулах нь дээ гэж бодож байсан ч яг суугаад эхэлсэн чинь дөрвөн сар нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. Яасан ч их зөвлөгөө мэдээллийг олж авав даа гэж бодогдсон шүү. Дээр нь оюуны асар үнэтэй хөрөнгө оруулалт болсноос гадна бидэнд санхүүжилт олгож тоног төхөөрөмж авсан. Тухайлбал, нөүтбүүк, принтрээс эхлээд өөрсдөдөө зайлшгүй хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг авсан. Нийт өртөг нь 1250 америк доллар болсон. Өдөр тутмын бүх үйл ажиллагааг нугалж байгаа зүйлсээ санхүүжилтээр дамжуулан авсан даа.

-Цуврал нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Аппликэйшн хийж байгаа хүмүүс яагаад нэвтрүүлэг хийх болов?
-МКOR апплекейшн нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс энэхүү төслөө эхлүүлээд байна. Солонгост буй Монголчуудад маань хамгийн хүндрэлтэй асуудал бол ажлын байрны мэдээ мэдээлэл. Тэгэхээр бид Монголчуудыг хамгийн ихээр ажиллуулдаг ажлын байрны талаарх мэдээллийг цувралаар танилцуулахаар болсон. Ингэснээр нэг талаасаа тухайн ажлын байрандаа мэргэшсэн туршлагатай хүнийг олон нийтэд танилцуулахын хамт нөгөө талд тухайн ажлын байрыг сонирхож буй, хийж үзэж байгаагүй хүмүүст мэдээлэл хүргэх зорилготой.

Манай эхний контент хүлэмж барьж, угсардаг мэргэжлийн байгууллагад ажилладаг жирийн нэгэн залуугийн мэдлэг туршлагаас хуваалцсан. Тус контент долоодугаар сарын 1-нд үзэгчдэд хүрсэн бөгөөд одоогийн байдлаар 80 мянга орчим хүн үзээд байна.

Контентоо цацсан өдрөөс эхлэн үзэгчдийн зүгээс бидэнд болон нэвтрүүлгийн оролцогч нарт маань урмын болон талархлын үгсийг ихээр илгээж байгаа нь маш их урам хайрлаж байна. Бид дараа дараагийн дугаарын оролцогчдын эрэлд гараад байсан хэдий ч нэвтрүүлэгт маань оролцохыг хүссэн хүмүүс өөрсдөө холбогдож эхэлсэн. Ингээд одоогийн байдлаар 5 дугаарт оролцох өөр өөр салбарт ажилладаг  хүмүүсээ олоод байгаадаа маш их баяртай байна. Бидэнд чанартай, сайн контент бэлдэх том үүрэг үлдлээ. Хичээнэ дээ.

-МКOR аппликэйшний дараагийн төлөвлөгөөний талаар танилцуулбал?
-Манай апплекэйшн 5000 гаруй хэрэглэгчид болон 40 гаруй алтан түнштэй болоод байна. Одоогийн байдлаар аппликэйшн зөвхөн зар мэдээллийг холбох үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд дараагийн хөгжүүлэлтэндээ хэрэглэгчид маань МКOR-оор дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээг шууд захиалан авах боломжийг нэвтрүүлэхээр судалгааны ажилдаа ороод байна. Энэхүү хөгжүүлэлт шинэчлэлээ  нэг жилийн ойн баяртаа тохиолдуулан хэрэглэгчиддээ хүргэхээр төлөвлөн шаргуу ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Та MKOR аппликэйшн болон "Солонгос дахь Монголчууд" төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

 
GoGo Facebook Хуудас
 
 
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 241 санал өгсөн байна.

Дээшээ