Нийслэлийн гурван дүүрэгт мэс засал, гэмтлийн тусламж үзүүлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-07-26 17:20 GMT+8

Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 25 ортой, Чингэлтэй дүүрэгт 15 ортой, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд 25 ортой Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээжээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал нэгдүгээр үе шатанд холецистит, ивэрхий, шамбарам, батга, шөрмөсний гэмтэл, өөхөн эдийн хоргүй хавдар, хоол боловсруулах эрхтний мэс ажилбар, бусад хэлбэрийн ясны идээт үрэвсэл, хөхний үрэвсэлт өвчин, хуйхнагийн венийн бүдүүрэл, шуу, богтос ясны хугарал, тойгны хугарал, бугуй ба сарвууны хугарал, шагайнаас бусад тавхайн яс хугарах, ахиллын шандас гэмтэх, шилбэний түвшинд арын бүлэг булчин ба шөрмөс гэмтэх зэрэг эмгэгийг эмчилж буй юм. 

Мөн хоёрдугаар үе шатанд мухар олгойн хурц үрэвсэл, цөсны чулуу, хэвлийн ивэрхий, арьсны буглаа, мундас, хошного ба шулуун гэдэс орчмын буглаа зэрэг эмчилгээ багтжээ.

Гуравдугаар үе шатанд тодорхойгүй шалтгаант гэдэсний түгжрэл, мэс заслын дараах гэдэсний түгжрэл, ходоодны цочмог цус алдалт, шаант чөмөгний гандан хэсгийн дээд, дунд битүү хугарал, нойр булчирхайн үхжилт үрэвсэл зэрэг эмчилгээ багтсан байна.

Гурван дүүрэгт нээгдээд буй Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид бусад дүүрэгт шат дараатай нээн ажиллуулахаар төлөвлөж буй бөгөөд 2019 онд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нээхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Дүүргийн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ өргөжин, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрөл олширч буй юм. Мөн иргэд тухайн оршин сууж буй дүүргийнхээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй авч, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг зорих ачаалал ч тэр хэрээр багасах чухал ач холбогдолтой хэмээн НЭМГ-аас мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 449 санал өгсөн байна.

Дээшээ