Оюу толгойн гүний уурхайн "Чандмань" захиргаа, үйлчилгээний төвийг нээлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-08-14 08:30 GMT+8

Оюу толгойн уурхайн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төвийг өчигдөр нээлээ.

“Чандмань” төв нь гүний уурхайн бүх багуудын үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон удирдлагын өрөө, гүний уурхайчид маань хувцаслах, шүршүүрт орох болон хооллох, хуралдах танхимууд, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах зэргийг багтаасан 13,570 метр квадрат бүхий хоёр давхар бүтээн байгуулалт юм.

Энэхүү төвийн хамгийн гол хэсэг болох уурхайн хяналтын өрөөг “Evans” удирдлагын системээр тоноглосон бөгөөд тус систем нь гүний уурхайн агаарын урсгал, халаалтын систем, цахилгаан ашиглалт болон үйл ажиллагааны явцыг бүрэн удирдлагаар хангах боломжтой систем юм.

"БИД ЭНЭ ОНД ДАХИН ХОЁР Ч ЧУХАЛ БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА"

Нээлтийн арга хэмжээний үеэр “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торресоос "Чандмань" төвийн ач холбогдлын талаар асуухад "Энэхүү төв нь манай ажилтнуудыг технологитой холбож өгч байгаа гүүр нь юм. Та бидний харж байгаа энэ бүх технологиор дамжуулан ажилчдаа үр дүнтэй, аюул осолгүй ажиллахад шаардагдах мэдээллийг зөв цагт нь хүргэхэд тусална гэсэн үг. Өөрөөр хэлбэл ажилчин энэхүү үнэн зөв мэдээллийн үндсэн дээр ажлаа эхлүүлэх боломжийг олгож ажилчин үр дүн гаргаж ажиллаж чадах юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явц 60 хувьтай байна

Энэ жилд дахиад хоёр ч чухал байгууламжийг бид ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тэдгээр нь Дулааны станцын өргөтгөл болон 2-р босоо амыг ашиглалтад өгөх юм. Энэ хоёр чухал бүтэц ашиглалтад орсноор нэг ээлжинд үүрэг гүйцэтгэх ажилчдын тоог нэмэгдүүлээд зогсохгүй, гүний уурхайн бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлнэ.

Манай уурхайн үйл ажиллагаа амжилттай явагдсан хэвээр байгаа. Түүний дотор дэлхийн хамгийн аюулгүй гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг хэвээр байгаад бид баяртай байгаа. Гүний уурхайн явц өдгөө 60 хувьдаа хүрээд байна. Бид алхам алхмаар маш амжилттай урагшилж, удахгүй дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болгож, үр шимийг нь монголчууд болоод бусад хувьцаа эзэмшигчдэд хүргэхээр ажиллаж байна гэсэн юм.


“Чандмань” төвд олон улсад ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт технологи болох гүний уурхайн ажилтнуудын хяналтын пайз өлгөх ухаалаг самбарыг суурилуулжээ. Тус системийг ашиглан гүний уурхайн ажилчдын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, шаардлагатай сургалтуудад хамрагдсан эсэхийг мэдэх, гүний уурхайд орсон, гарсан цагийг харах, аюул ослын үед хоргодох байранд орсон ажилтнуудын тоог хянах, тэсэлгээний үед гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх давуу талууд бүхий цаг хугацаа, зардал хэмнэсэн технологийн тэргүүн шийдэл ажээ.

“Чандмань” төвийн нэгдүгээр давхар 1,300 хүний багтаамжтай бөгөөд  эрэгтэй гурван,  эмэгтэй нэг шүршүүр, ариун цэврийн өрөөнүүд, 2,150 ширхэг хувцасны шүүгээ бүхий хувцас солих өрөө, хувцас угаалга, цэвэрлэгээний байгууламж, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах, 500 хүний багтаамжтай хоёр хурлын өрөө болон уурхай руу нэвтрэх цэгийн хяналтын хэсэгтэй. 

Шинэ байгууламж маань Говийн эрдэсжилт өндөртэй усыг таван давхар шүүлтүүрээр шүүж, ундны усанд хэрэглэхэд тохиромжтой болгодог бөгөөд цагт 16куб метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.  

Контемпорари чиглэлээр уран бүтээл туурвидаг Монгол Улсын мастер зураачдын нэг С.Заяасайхан “Чандмань” төвийн ханан дээр Монголд томд тооцогдох 16 метр урттай ханын зургийг зуржээ.

Амь хамгаалах хэрэгсэл буюу гүний уурхайд нэвтэрсэн хэн ч үүнийг биедээ авч явах шаардлагатай бөгөөд осол гарлаа гэхэд гарах хаалга эсвэл хорогдох байр хүртэл буюу 30 минутын хугацаанд энэ нь хүчилтөрөгчөөр хангах боломжтой

Уурхайн ажилчид гутлаа цэвэрлэх цэвэрлэгээний төхөөрөмж

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан баррель үсэгтэй хаягжилт

“Чандмань” төвийн хамгийн чухал хэсэг буюу “Халаалт, агааржуулалтын системийн хяналтын өрөө”

Энэхүү төвийн барилгыг хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтнүүдийг уурхайн талбарт ажиллах боломжийг тэргэнцэртэй зорчих замууд, тусгай цахилгаан шат суурилуулж хангажээ.

Уг бүтээн байгуулалтын ажлыг;

  • "Monnis International",
  • “Moncon Construction”,
  • “All engineering”,
  • “IT Zone”,
  • "Mec”,
  • “Render Trade”,
  • “Vertexmon”,
  • “Tаван Орд”,
  • “TC engineering”,
  • “Metro express”,
  • “DTU”
  • “Best Fashion Elevator” зэрэг компаниудын 833 гаруй монгол залуус хамтран бүтээлцсэн бөгөөд дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн байгууламжийг улсын комисс, уурхайн үйл ажиллагаанд ийнхүү хүлээлгэн өглөө.

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргаж байсан. Менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулдаг аж. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

Нээлтийн ёслолын гэрэл зургуудаас хүргэж байна. 

Гэрэл зургийг Б.Бямба-очир/MPA, Б.Нямдарь

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ