Бэлчээрийн талбай 9 сая га-аар багасчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-08-14 17:20 GMT+8

“АДРА Монгол” олон улсын байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улс нь хангай, хээр, цөлөрхөг хээр, говийн бэлчээр хосолсон 110.4 сая га бэлчээр, 1,7 сая га хадлангийн талбай нийт 112.1 сая га бэлчээр, хадлангийн талбайтай.

Монгол орны бэлчээрийн даац нийт 84,6 сая хонь толгой малыг багтаах боломжтой

Бэлчээрийн газар нь хүн ам суурьшиж, хотжихын хэрээр хот суурингийн дэд бүтэц, ашигт малтмал зэрэг өөр ангилалд шилжиж байгаагаас үүдэн 1964 онтой харьцуулахад талбайн хэмжээ 9 сая га-аар багассан байна.

Сүүлийн жилүүдэд бэлчээрийг улирлаар нүүдэллэн ашигладаг уламжлалт маллагааны арга алдагдсан, малын бэлчээрийн даацаас хэтэрсэн, бэлчээрийн ургамлын төрөл зүйл цөөрснөөс үүдэн бэлчээр доройтон, цөлжилт эрчимтэй явагдаж байна гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжил, бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Бямбадорж “Сүүлийн жилүүдэд бэлчээрийн даацаас малын тоо хэтэрч байна. Энэ нь малын тоо толгой жилээс жилд өсөж байгаатай холбоотой бөгөөд тухайн жилийн уур амьсгал болон бэлчээрийн ургац хэр хэмжээтэй ургаснаас шалтгаалдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол орны бэлчээрийн даац нийт 84,6 сая хонь толгой малыг багтаах боломжтой. Бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах малчид зах зээлд малаа нийлүүлж, хээлтүүлэгчийнхаа тоо толгойг нэмэгдүүлж өөрсдийн орлогоо бууруулахгүй байх боломж” гэлээ.

Нарийн ба нарийвтар ноост хонь үржүүлэхийг сонирхож байгаа хүмүүст сургалт явуулан дадлагажуулна

“АДРА” ОУБ-ын Бангкок дахь Азийн бүсийн захирал хонины үржлийн мэргэжилтэн Брэндон Ирвин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж, Хангай, Орхон үүлдрийн хонины онцлогийн талаар хийсэн судалгаагаа танилцуулан, Шинэ Зеландын уулархаг бүсийн Меринос үүлдрийн талаар мэдээлэл хийв.

ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн мэргэжилтэн П.Баясгалан “Нарийн ба нарийвтар ноост хонь нь ноолуурын нарийн ширхэгтэй ойролцоо хэмжээний ноосыг өгч, ээрмэл сүлжмэлийн үйлдвэрүүдийн чухал түүхий эд нь болж өгдөг. Монгол хонины ноосны гарц 1,2кг-1,3кг байдаг бол нарийн ба нарийвтар хонины ноосны гарц нь 2 кг-аас дээш байдаг. Мөн махны ашиг шим нь бусад хониноос 20-30 хувиар илүү байдаг. Нарийн ба нарийвтар ноост хонь үржүүлэхийг сонирхож байгаа хүмүүст сургалт явуулан дадлагажуулах, гарын авлага хийх мөн ашиг шимийг нь сайжруулахын тулд үүлдрийнхээ хэвшилд таарсан хоныг бий болгоно гэсэн зорилт тавьсан” гэв.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХААИС харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ-ын ХХААБ, АДРА олон улсын байгууллага, Мерси Кор ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрууд, Бодлого судлалын төв, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага эрдэмтдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцлоо.

Ц.Уянга

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 315 санал өгсөн байна.

Дээшээ