Монгол Улсын заан Д.Цэнд-Аюуш: Мөнхбат аваргыг гуйгаад байхаар нь буугаад өгчихсөн

Өнөөдөр сонин

2008-07-09 11:57 GMT+8

Хөвсгөл нутаг алдарт гурван аваргаас өгсүүлээд гарьд, арслан, заан, начингуудыг төрүүлсэн бөхийн өлгий нутаг. Тэдний нэг бол тив дэлхий дэвжээнд Монгол Улсынхаа далбааг мандуулж явсан гавъяат тамирчин, улсын заан Д.Цэнд-Аюуш юм. Түүнтэй ярилцаж суухад бурхан хүч чадал харамгүй өгсөн шигээ хошин шогийн уран мэдрэхүйг ч давхар хайрлажээ.

-Анх улсын наадамд зодоглохдоо Мөнхбат аваргатай таарч сонирхолтой сайхан барилдаж байсан гэдэг. Тэр тухайгаа дурсаач?
-Би цэргээс халагдах жилээ “Алдар” нийгэмлэгийн тамирчин болсон юм. Нэг өдөр манай салаан дарга Сандагбазар гэж Булганы Сайхан сумын хүн, чиний хоёр гар арай л өөр байна. Би чамайг “Алдар” нийгэмлэгт аваачиж бөхийн секцэнд өгнө гээд аваад явдаг юм байна. “Алдар” нийгэмлэг дээр яваад очсон чинь Даш хэмээх  спорт эрхэлсэн орлогч дарга нь сууж байна. Тэрний дэргэд Лундаа начин гэж сайхан хүн сууж байна. Жинхэнэ бөх хүн гэж тэрийг л хэлэх байх. Сандагбазар, Лундаа начин хоёр нэг нутгийн хүмүүс байна л даа. Лундаа начинд, чамайг дарах хүн авчирлаа гэж хэлж байгаа юм. Би чинь тэр хүнийг хаях ойлголт байхгүй. Тийм том бөхтэй чинь юу ярихав. Тэгээд л нөгөөдүүл чинь намайг хувцсаа тайл гэлээ.

Хувцас тайлуулж цээж хараад шалгаж байгаа бололтой. Тэгсэн Даш багш, чамайг хэд хоногоос Дамдиншарав багшийг явуулж, шалгуулж авна гэсэн юм хэлээд хоцордог юм. Тэрнээс хойхно 1972 онд Дамдиншарав багш ирж авлаа. Ерөөсөө хүн дийлэхгүй бярнаас цааш юм байхгүй. Хөнгөн жингийн юмнуудад унаад л байсан. 1973 онд цэргээс халагдаад тамирчин болж гараагаа эхэлж байгаа юм. 1974 оны улсын баяр наадмаар гурав давчихаад байсан чинь дөрвийн даваанд Лундаа начин намайг амлаж авсан юм. Лундаа начин чинь хайнагийн шар шиг юм зогсож байна. ...Тэгээд хоёулаа үзээд байлаа.

Сүүлдээ намайг барахаа байж байгаа янзтай байна шүү.Тэгсэн надад, би энэ жил улсын заан цол авах гэж байгаа юм. Чи надад бууж өг гэх шахуу юм хэлж байна. “Тэгвэл юу гэж намайг авсан юм” гээд дайрсаар байгаад давчихлаа. Начин болох тавын даваанд Мөнхбат аварга намайг авчихсан байж байна. Мөнхбат аваргатай бас л 20-иод минут лав болсон. Манай Мөнхбат аварга тойгдоод хөөдөг байхгүй юу. Тэгэхээр нь дагуулаад тонгортол Мөнхбат аварга гараараа газар тулаад их сандарч байна шүү. Хаширлаад ч юмуу манай хүн тогтчихлоо шүү. “Төрийн наадам ганц биш, энэ өдөр надад бууж аль. Энэ жил хамгийн сүүлийн удаа түрүүлэх санаатай байгаа” гэж байх юм. Би том аварга хэлж байхад болдоггүй юм болов уу гээд тал талаас нь бодлоо. Ирэх жил би цаашаагаа барилдана. Начин болоход дараа нь дэмий юм болох болов уу гэж бодоод буугаад өгчихлөө. Ингээд Мөнхбат аварга надаар тав даваад цаашаа барилдаж Баянмөнх аваргатай үзүүр түрүүнд үлдэж, тонгорч хаяад түрүүлсэн шүү дээ.

-Та анх чөлөөтөөр барилдаж байсан. Яагаад самбо бөх рүү урвачихсан юм бэ?
-Ардын хувьсгалын 60 жилийн түүхт ой боллоо. Тэгэхэд би тав давчихаад, зургаа давах юм бол заан цол өгдөг жил байлаа шүү дээ. Тэгээд хүрээд ирсэн чинь Мөнхбат аварга, Дамдин аварга бүгдээрээ ам авчихсан, би нэгэнтэй нь тунах л маягтай боллоо. Тэгээд би Мөнхбат гуай руу очоод, та төрийн наадам ганц биш гээд л тэр жил намайг буулгаж авч байсан. Та өнөөдөр хариулчихаж болоогүй юмуу гээд нэлээн ууртай хэлэхгүй юу. Тэгсэн чинь Дамдин аваргыг дуудаад, та энэ Цэнд-Аюушийг ав. Нутгийн чинь ч хүн юм байна гэж хэллээ.Тэгээд л Дамдин аварга намайг авахаар болж байна шүү. Хөлийн цэц дээр яваад очлоо. Тэгсэн та чинь Сэрээтэрийг авчихсан байна ш дээ гэж байна. Сэрээтэр ам авдаг юмуу, би ам авдаг юмуу гэж Дамдин аварга хэлж байгаа юм. Тэр ямар учиртай юм гэхээр Сэрээтэр хөлийн цэцэд гүйж очоод Дамдин аварга намайг авсан шүү гэж түрүүлж хэлчихсэн байж. Тэгж би заан цолонд хүрч байсан.

Эхлээд “Алдар” нийгэмлэгт очоод чөлөөтөөр барилддаг байлаа. Тэр үед тамирчид олон байсан болохоор нэг жинд өрсөлдөгч ихтэй байсан. Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд -100 кг-ын жинд намайг барилдуулах болж. Тэгээд чөлөөтөөсөө шууд самбод барилдаж анх улсын аварга болж байсан юм.

-1980 оны олимпид та тусгай байранд орж байсан. Хаанахын хэн хэн гэдэг бөхчүүдтэй барилдаж байв?
-Олимпид тэр жил медаль авах хүн бол ганцхан Цэнд-Аюуш л гэж ярьдаг байлаа. Сонин хэвлэлд ч их гардаг. Тэр жилийн бүх уралдаан тэмцээнүүдээс медаль авсан байлаа. Болгараас мөнгөн медаль. Тбилисээс мөнгөн медаль, Гөрман, Унгараас хүрэл аваад нэг ээлжээр хоёр сар гаруй явсан юм. Дөрвөн орноор ороод дөрвөн медальтай ирж байсан л даа. Тэр олимпид 86 кг-ын жинд нэгдүгээр тойрогтоо Язкеевич гэж Оросын бөхтэй таараад хоёулаа хэн хэнээсээ оноо авч чадаагүй. Тэгээд нутаг дээр нь шүүгчдийн саналаар би ялагдаад, дараагийн тойрогт нөгөө Оросын бөх чинь бас ялагдаад хоёулаа будаа болж байхгүй юу. Тэгээд хүрлийн төлөө барилдаж ялагдаад шагналт байранд орж байсан.

-Таныг дээхэн үед сонин хэвлэл дээр хоньчин, цаначин, анчин гээд бичдэг байсан. Та анд их хорхойтой гэсэн байх аа?
-Би багаасаа ан хийж сурсан. Ан хийнэ гэдэг нэг талдаа урлаг юм даа. Тэгэхдээ ан хийхдээ шунахай зорилгоор биш зүгээр өөрийнхөө сонирхлын дагуу л ганц нэг тарвага боогоод идчих жишээтэй. Ганц гөрөөс буудаад идчих ч байдаг юмуу тиймэрхүү хэмжээний ан хийдэг. Олноор нь агнадаг улсуудтай цуг явах дургүй. Ялангуяа хавар цагт хээлтэй амьтан буудах хориотой л доо. Газар нутгаа хайрлах хэрэгтэй, ууланд явж байхдаа хүмүүс хогоо хаядаг. Би бол хогоо байнга цэвэрлэж шатаагаад, устгадаг. Хээр хог хаях цээртэй байдаг. Ер нь манай бөхчүүдэд ан ав хийдэг хүн ховорхон шүү. Манай шигшээ багт 30-аад хүн байсан. Надаас өөр ан хийгээд байдаг хүн байдаггүй л байсан. Манайхан тарвага боож идье ч гэдэг юмуу, ан хийнэ гэхэд би л явж ангий нь цуглуулж ирэх жишээтэй.

-Таныг цанаар хичээллэдэг байхдаа үхрийн баасаар шаваад саад хийж гулгадаг байсан гэсэн?
-Мод сүлжиж газрын уруу бууж ирнэ л дээ. Нэг удаа тэгж мод сүлжиж байгаад мод мөргөөд тэрнээс хойш зүрх үхсэн. Газрын уруу мод сүлжихээ болиод сүүлдээ үхрийн бааснууд цувуулж тавиад тэрийгээ сүлжиж газрын уруу бууж ирдэг байсан. Цана бол биеийн тэнцвэрийг их хадгалдаг. Хөлийн зогсолт сайтай болгодог, хоёр таягийг чинь газрын өөд татаад явахад гарын булчин их хөгждөг юм.

-Цагдаа байхдаа хэрэгтнүүдийг сонин шийтгэж хэргийг нь хүлээлгэдэг байсан гэл үү?
-Ер нь хөдөө чинь цагдаагийн ажилтан хүн сэжигтэн, малын хулгайчидтай харьцахад хэцүү. Хэрэг хүлээлгэхэд хүн хүний өөр өөрийн арга байдаг л даа. Би бол жаахан хүч хэрэглэнэ ээ! Өмдийг нь тайлаад сураар ороолгох байдаг ч юмуу. Хүний ааш зан олон янз байдаг. Хүнээ сонгох хэрэгтэй. Энийг зодож цохиод хэргийг нь хүлээлгэж болох хүн үү, шоронд хийгээд, урьдчилан хорих өрөөнд хориод хэргийг нь хүлээлгэхээр хүн байна уу, хэдэн үйлдэлтэй хүн байна, анх хулгай хийсэн хүн үү, шоронд орсон байна уу, үгүй юу гэдгийг сайн мэддэг байх ёстой. Анх удаагаа хулгай хийж байгаа улсууд бол ухамсрын шанаагаар хэргээ хүлээгээд хэн хэндээ амар болчихдог.

-Мод тэврүүлээд гавлачихдаг байсан гэсэн үнэн үү?
-Тав зургаан залуучууд айлын арван хэдэн морь хулгай хийгээд Хөвсгөл рүү явсан байсан.Тэд нарыг унтаж байхад нь өглөө эрт ичээнд нь барьж авлаа л даа. Би монгол дээлтэй, дээлэн дээрээ хэт хутга зүүчихсэн, хэт хутганыхаа хажууд гаваа зүүчихсэн тийм хачин хүн л хөдөө явна ш дээ. Гар буу монгол дээлэн дээр зүүчихсэн. Тэд нарыг үүр цайж байхад очоод л цөмөөрөнгий нь гар чийдэн тусгаад босоцгоо гэж орилсон чинь бүгдээрээ босоод ирж байна. Хувцсаа өмс гэсэн чинь цөмөөрөө өмсөж байна. Ер нь хулгай хийсэн нь ойлгомжтой. Илт байна. Хөдөлгөөн зэргээсээ андашгүй шүү дээ. Тэгээд би хувцсыг нь өмсүүлээд түрүүлж гараад машиндаа хийгээд явчихсан юм. Шээлгэхгүй нь маш нэг чухал зүйл байсан л даа. Машинаас буулгаад шээлгэхгүй мод тэврүүлээд гавлачихсан. Нөгөө хүмүүс чинь хэсэг удаж,11 цаг ч боллоо. Хавар гурван сарын үед юм. Тэгээд нөгөөдүүл чинь шээс хүрээд байна гэхэд нь та нар морь хулгай хийснээ ярьж байж шээ.

Тэрнээс нааш шээх тухай асуудал байхгүй гэсэн. Хамгийн бага дүү нь би ямар явсан юмуу, эд нар явсан болохоос гэж байна. Тэгэхээр нь би тэр дүүгий нь гавыг нь тайлаад шээлгэж байгаа юм. Шээлгэхдээ нөгөөдүүлд нь харуулж шээлгэхгүй юу. Шээс хүрч байсан улсууд чинь хүн шээхээр улам болохоо байгаад модоо тойроод яваад байгаа юм.Тэгээд цувраад бүгдээрээ хэргээ хүлээсээр байгаад хамгийн сүүлд Алагаа гэдэг хулгайч үлдчихээд би яваагүй, аваагүй гээд их чанга байна шүү. Нөгөөдүүл нь болохоор хар голтой хул морийг Алагаа унаж явсан гэж ярьдаг юм. Тэгээд байж байсан чинь нарийхан хавтгай ремен хэвтэж байна. Тэрийг аваад өмдийг нь шувт татаж тайлж хаяад хонгон дээр нь ремөнээр хоёр гурав ороолгосон чинь хонго нь цайраад шээс алдаад хэргээ хүлээж байгаа байхгүй юу.

-Тамирчин хүний амжилтад эрүүл мэндийн дэглэм их үүрэгтэй.Та ямар дэглэм сахидаг вэ?
-Хүний дотор талын эрхтэн эрүүл саруул байвал гадна талдаа өнгөтэй харагддаг. Гадна тал нь сайн байна гэдэг чинь хүний биед байгаа илүү хуримтлагдсан янз бүрийн бодисуудыг ялгаруулахын тулд хүн хөлсөө их авч байх хэрэгтэй. Би долоо хоногтоо хоёр удаа кросст гүйнэ. Гэхдээ ачаалалтай биш зүгээр л сайхан, нэмнэж дулаалаад олон давхар бэлтгэлийн хувцас өмсөөд зөөлөн шогшиж таван км гүйж ирж халуун газар орж ирээд хүчний дасгалууд өөртөө тохируулж хийхэд хөлс гадагшаа их гардаг. Долоолгонын ханд, нохой хошуу их цуглуулж буцалгаж уух дуртай.

Хөлсийг чинь хөөгөөд муу юмыг гаргахаар бодисын солилцоо идэвхжээд арьс их сайхан болж өгдөг. Арьсны цаана эд эсэн дээр бүх муу юм ирээд цуглачихсан байгаа шүү дээ. Тэрийг л хөөгөөд сэрээгээд хөлсийг авч хаяад шинээр цаанаас нь шингэн уугаад ирэхээр хүний гадна тал нь маш сайжирч ирж байгаа юм. Хүний эрхтэн нь дотоод гадаад төрхөөрөө шүтэлцээтэй байх ёстой. Тийм учраас өөрийнхөө хөлсийг зайлшгүй цэвэрлэж, үгүйдээ саунд суудаг ч юмуу тэгвэл их сайхан болно. Хоолныхоо дэг журмыг бариад, хэтэрхий өөх тостой хоол идэхгүй ч байх юмуу ер нь хүний бие организм чинь өөрөө мэдэгдэнэ л дээ. Тийм учраас хоол хүнс, нойр хоолоо тохируулна гэдэг бол чухал зүйл.

-Бөхчүүд удам дагах нь олонтаа. Таны хувьд?
-Манайх гурав дөрвөн үеийн л миний мэдэхийн бөхчүүл юм. Манай аавын эцэг нь харцага хүн байсан. Тэрний аав нь Аюурзана гэж хүн байсан. Бас л дээр үеийн цолтой байсан гэсэн. Манай аав цол аваагүй ер нь барилддаг байсан. Нэг хоёрын даваанд гаднын хүнийг хаячихдаг бяртай. Одоогоор бол мэх муутай хүн байсан шиг байгаа юм. Манай аавын эцэг нь Луузанбазар гэж Шар чулууны баярт тав давж шөвгөрч цол авч байсан хүн юм билээ. Тэр хүн бол хийцтэй, хазахаас бусдыг хийдэг хүн байсан юм гэнэ лээ.

Манай хүү бол олимпид оролцож байсан. Олимпид яваад барилдаад амжилт гаргаагүй ч гэсэн яахав Монгол Улсаасаа шалгарч явна гэдэг бол эр хүний бахдалтай, дурсгалтай ийм зүйл. Амжилт гаргаж чадаагүй ч гэсэн эх орноо төлөөлж олимпид оролцоод ирсэн л дээ. Гадаадаас олон улсын тэмцээнээс нэлээн олон медаль авсан. ОУХМ-ын норм биелүүлсэн. Намайг барилдаж байхад барилдаан харж сонирхдог байсан байх. Тэгээд л амжилт олох юм байна гэж бодсон байх. 10-аад удаагийн улсын аварга болчихсон байхаа. Ямар ч л байсан 7-8 удаа болсон байх. Би самбо, жүдо барилдаанаар нийлээд 17 удаа улсын аварга болж байсан. Тамирчин хүн бол 10 жилийн түвшинд байдаг юм даа. Арван жилээсээ цааш болохоор харьж эхэлж байгаа юм. Бэлтгэл сайтай, норм жингээ бариад барилдаад байх юм бол 14-15 жил барилдчих юм билээ.
 
-Та гэр бүлийн хүнээ манай уншигчдад танилцлуулна уу?
-Манай эхнэрийг Нарангэрэл гэдэг. Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, долоон хүүхэдтэй. Хамгийн бага охин маань жүдо барилддаг. Саяхан тэмцээнд ороод алтан медаль авсан. Арав гаруй медаль авчихаад байгаа юм. Нэрийг нь Цэрэннадмид гэдэг. Охин маань жүдогоор бас л спортод хөл тавьсан л хүн л дээ. Спорт бол зөвхөн өөрийн хичээл зүтгэл, өглөөнөөс эхлүүлээд өөрөө хувиараа бие даалтаар дасгал сургууль хийх их чухал байдаг. Хүн хүний өөрийн хичээл зүтгэл шүү дээ. Манай гэр бүлийн хүн маань олон хүүхэд гаргалаа. Нас 50 шахаж байна. Гэрийн ажилтай л байж байна.

-Та цагдаагийн дэд хурандаа цолтой алба хашиж байгаад тэтгэвэртээ суусан. Бөх хүн, цагдаа байх ямар байдаг вэ?
-Ер нь бөх хүнд харшлах юм байхгүй л дээ. Би чинь хоёр юманд эмзэглэж явдаг хүн шүү дээ. Нэг талдаа бөхийнхөө нэр сүрийг өндөр хадгалж явахын тулд аятайхан биеэ зөв авч явах ёстой. Янз бүрийн хэл аманд орчихгүй байх юмсан гэж бодож явдаг.
Нөгөө талаасаа цагдаагийнхаа байгууллагын нэр хүнд, цагдаагийн нэр сүр гэдэг чинь өөр шүү дээ. Тэгэхээр цагдаагийн байгууллагынхаа нэр хүндийг бодох хоёр үндсэн юман дээр сэтгэл түгшиж явдаг. Цагдаа хувцастай согтуу явж байх юмуу, монгол дээл, жанжин малгай өмсчихсөн согтуу явж байх нь зохис муутай л даа. Тийм учраас түвшиндээ баймаар санагддаг. Нэг ёсондоо хариуцлага юм даа.

А.Тэгшээ 

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3177 санал өгсөн байна.

Дээшээ