Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ой давхцан тохиож буй “Болор цом 2008” яруу найргийн наадам тун ч өргөн далайцтай болж өнгөрлөө.
Хоёр өдөр зохиогдсон наадамд нийт 170 гаруй яруу найрагчид бүтээлээ ирүүлснээс урьдчилсан шалгаруулалтаар 32 яруу найрагч үлдсэнээс уламжлал ёсоороо 16 найрагч тунаж, харин төгсгөлийн шатанд 5 залуу найрагч шалгарсан юм.
Өнөөдрийг хүртэл 26 жил зохиогдсон Болор цом наадмын үе үеийн эзэд энэ жил оролцоно гэж байсан ч тийм олон хүн оролцсонгүй ээ. Тэдэн дундаас Ардын уран зохиолч П.Бадарч гуайн:
Алтаар үнэлэгдэх ноолууртай
Аминд нь хүрэхгүйн цаазтай
Ардын их хурлаас цалинтай...
Ямаа бол ян амьтан юм... хэмээн үзэгчдийг хөнгөн хөгжөөсөн “Ямаа” нэртэй мялаалгын шүлэг нь олонд нилээд таалагдсан. Энэ жилийн найрагчдаас үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан хүн бол яах аргагүй Э.Цэнд-Аюуш байлаа. Тэрээр энэ жил анх удаа Болор цом наадамд орж байгаа гэнэ. Гэвч тэрээр айргийн таван найрагчийн тоонд орж чадсан юм. Айргийн таван найрагчид Ц.Бавуудорж, Э.Цэнд-Аюуш, А.Эрдэнэ-Очир, Л.Хасар, Х.Эрдэнэбаатар нар байлаа.
Эдгээр найрагчдаас төгсгөлийн шатанд Л.Хасар, Э.Цэнд-Аюуш нар 82 оноогоор тэнцлээ. Энэ удаад Л.Хасар “Миний нэг өдөр ингэж санагдаад”, Э.Цэнд-Аюуш “Үүрд” зэрэг шүлгүүд уншсан. Ингээд шүлгийг хүргэе.
Үүрд /Э.Цэнд-Аюуш/
Үүрд би
Гандах навчис, будрах цас
Гадаа хүйтэн болоход хайртай байх болно
Үүрд би
Нуур хөлдөж зэгс шуугиад
Нугас ангирын дуу усанд живэхэд гунигтай байх болно
Үүрд би
Сар их үзэсгэлэнтэй, тэнгэр их гүн гэж
Амттайхан бусдын нойронд ад бололгүйгээр бодож суух болно
Үүрд би
Хэдэн бороо алгасаж нар гараад
Охид хувцсаа нимгэлэхэд
Одоо л нэг шүлгийнхээ дэвтрийг шүүсээр байх болно
Үүрд би
Гол ус ширтэж суухдаа
Үсний чинь ширхэг хөвөхийг үзээд
Гоо сайхныг чинь юу ч эс гүйцэхтэй эвлэрсээр байх болно
Үүрд би
Цонхоор тусах сарны гэрэлд нойрсохыг чинь үзээд
Цох болж тэнгэр болж үзээгүй нууцыг чинь тэмтэрч байна гэж зүүдэлсээр л байх болно
Миний нэг өдөр ингэж санагдаад /Л.Хасар/
6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан зүүд
7 цаг 30 минут
Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно
10 цаг 00 минут
Гудамж дүүрэн хүмүүс тарни унших мэт
Зовлон, зовлон гэж үглээд
Зөгий шиг дүнгэнэлдээд
Хөгширч үглэх үг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад үхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот зөгийний үүр шиг санагдаад
Балыг нь бурхан өглөөний цайндаа хийж уугаад л
12 цаг 30 минут
Өдрийн цайндаа зөгийн бал хийгээд
Дөнгөж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурхны элч
Хөөрхөн гоё тэнэг, гоё харагддаг бүсгүй урдуур явж
Өдрийн цайг халбага шиг хөлөөрөө туучаад
Залуучууд гаслаад, хөлөг онгоц ч живээд
Лусын дагина зүгээр яваад өгнө
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ дээ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад
13 цаг 13 минут
Гудамжаар алхаад, миний гарыг чанга атгаад
Миний мөрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа би мартаад
Гудамж нарийсаж тэдний гэр лүү улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж өгөхгүй удаад
Зүрх минь цагийн зүүнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Нүцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэггүй санагдах баахан номтой тавиур дээр
Венераг мартаж гараад, гудамжаар алхаад
18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Канёо, Ницше, Бодлер, Рембү үхснийг санаад
Үхэл тэдэнтэй дайралдах байлгүй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараад, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахгүй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
21 цаг 20 минут
Нарны нүд хорсож улайгаад
Хүмүүсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр хүртэл согтуу, агсан тавьж уйлаад
Нулимс нь үсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эрүүл, гэр лүүгээ алхаад
Сар хөндөлдөөд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад, гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдээд
Орон дээр миний биеийн хэв үлэг гүрвэлийн мөр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна
Өглөө
Өчигдөр согтуу байсан салхи, тэнгэр, газар, хот зүв зүгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан зүүдээ ярихаар
Ижий рүүгээ очихоор гудмаар алхаад
Ийнхүү уншсаны дараа шүүгчид үнэлгээгээ өгөхөд хоёр найрагч маань дахиад л 21 оноогоор тэнцсэн нь үзэгчдийг гайхшруулж, шүүгчдийг тун хэцүү байдалд оруулж байлаа. Улмаар Э.Цэнд-Аюуш “Одоо миний орхисон он цаг” шүлэг уншсан бол Хасар нэргүй шүлэг уншсан юм.
.... /Л.Хасар/
Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана
Он солигдох мөчийн шүлэг /Э.Цэнд-Аюуш/
Одоо миний орхисон он цагт
Олоон цагаан шувууд хайрын дуу дуулж
Хос залуусыг эргэн тойрон
Хорвоогоор дүүрэн нот нисэж байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Онцын сайхан бүсгүй голын эрэг дээр суугаад
Нүүрээ угаахад нь нүднээс нь
Уруулын минь хээ, нулимстай нь цуг арилж л байгаа даа
Одоо миний орхисон он цагт
Мөчрөөсөө тасарсан навчис газар унахдаа
Мөрөөдлөө шивнэж тэр навчсаар хэн нэг нь далавч урлаад
Тэнгэр алдалж зогсоо доо
Одоо миний орхисон он цагт
Зуун жилийн тэртээх эзнээ үгүйлсэн
Зузаан хүрэм дүүрэн бодол
Цастай хөндийгөөр нааш явахдаа
Цаг хугацаанд гомдож л байгаа даа
Одоо намайг тосох он цаг харин
Дэнлүү барьж очихыг минь хүлээгээд
Дэндүү гүн нойрондоо байгаа даа
Ингээд таван шүүгч эцсийн оноогоо гаргахад Э.Цэнд-Аюуш 21 оноо, Лхагвсүрэнгийн Хасар 22 оноо авсан байлаа. Шүүлтийн талаар Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ийн ярьсан юм.
-Болор цомыг шүүнэ гэдэг маш хэцүү. Энэ удаагийн шүүлтээр Монголын нэртэй гурван доктор, Монголын уянгын өгүүллэгийн их мастер Догмид, бид бүхэн Зохиолчдын хорооны албан ёсны “хүчирхийлсэн” томилолтоор энд шүүгч хэмээн суулаа. Ингэхдээ бид жинхэнэ шүлэг гээчийг эрж суусан. Гэтэл манай найрагчид ард түмний эмзэглэлийн захиалгаар бичсэн улс төржсөн, хашгичсан шүлэг ихэнхдээ уншиж байна. Яруу найраг гэдэг агуу их мэдрэмж байх ёстой юм. Яруу найрагчид цаг үеийг өөрчилдөг болохоос нулимдаг улсууд биш. Надад нэг хүн дээр оноо тавихад маш хэцүү. Энэ хүн бол миний хүү. Гэхдээ уншигчид санаж байгаа байх. Одоогоос гурван жилийн өмнө би хүүгээ түрүүлэхээр оноо авсан байхад нь шууд хасаж дөрөвдүгээр байранд оруулж байсан. Энэ наадам бол Монголын уран зохиолын нэгэн эгшин шүү гэдгийг хатуу ойлгоосой гэж бодож байна.
Ийнхүү аавын шийрийг хатаасан Лхагвасүрэнгийн Хасар Янжинлхам бурхны хөргийг гардан авч, “Болор цом”-ын эзэн боллоо.
Тэдний араас Х.Эрдэнэбаатар гуравт орж, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж нар тусгай байр эзэлсэн юм. Та бүхэн энд дарж найрагчдын шүлгийг хүлээн авч сонсоно уу.
О.Ариунбилэг