Завхан гол ширгэж, Эрээн нуур эрэгтээ хүрэхээ болив

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2009-09-08 09:24 GMT+8

Манай орон цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх болсон талаар мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид үздэг. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэн газрын гүний ус ширгэх, гол мөрний ундарга багасах зэрэг сөрөг өөрчлөлт сүүлийн хэдэн жил хурдацтайгаар гарч байна. Хүний хөгжил, техникийн шинэ дэвшлийн улмаас тоног төхөөрөмж шинээр орж ирэх боллоо. Цөл газар усан цахилгаан станц барих асуудал ч нэлээдгүй яригдаж манай орон Тайширын усан цахилгаан станц, Дөргөний усан цахилгаан станц гэх мэт хэд хэдэн усан цахилгаан станцуудыг барьсан. Гэтэл сайныг дагаад саар байдаг хойно эдгээр усан цахилгаан станцын нөлөөгөөр гол мөрөн ширгэж үгүй болоход хүрээд байгаа аж. Отгонтэнгэр уулаас эх авдаг Завхан гол голынхоо сүүлчийн цутгал хүртлээ 808 км урсдаг байжээ. Гэтэл Тайширын усан цахилгаан станцаас доош 500 км буюу голынхоо адаг хүртлээ урсгал нь одоо тасраад байна. Говь-Алтай, Завхан аймгийн арван суурин газрыг 940 сая шоо метр ус хуримтлуулж байж цахилгаанаар хангахаар төлөвлөж байгаа Тайширын усан цахилгаан станц Завхан голын усыг хаагаад ийнхүү хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй аж.

Цахилгаан станцаас доош голын усыг маш багаар урсгаж байгаагаас болоод Тайшираас цааш ус нь 50 км хүрээд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан багийн нутагт арай гэж хүрэн урсгал нь тасарчээ. Үүнээс үүдэн Завхан голоос эх аван урсдаг Эрээн нуурын гуравны нэг нь үгүй болжээ. Мөн Дөргөний усан цахилгаан станцаас үүдэн Завхан голтой нийлж урсдаг Айраг, Хяргас нууранд цутгадаг Тээлийн голын түвшин ч мэдэгдэхүйц хэмжээгээр багасчээ. Дөргөний усан цахилгаан станц ажиллаж эхэлснээс хойш Дөргөн, Хар нуурын ус эрс татарсан байна. Нуурын ус татрахын хэрээр эрэг дагуу лаг шавраар дүүрч, ус уух гэж нуур руу очсон мал шигдэж үхдэг ажээ. Тус нутаг орчмын Хомын хоолойн ус ч доошилсон ба үүнээс үүдэн эргийнх нь дагуу зэгсний үндэс ил гарчээ. Энэ нь байгаль орчинд нөхөж баршгүй гарз хохирол болоод зогсохгүй, нөхөн сэргээгдэшгүй баялагаа алдаж буй хэрэг юм. Ховд аймгийн Далай нуураас эх аван урсдаг Чонохарайх гол дээр барьсан Дөргөний усан цахилгаан станцыг энэ сард улсын комисс хүлээн авна. Энэ станцыг Тайширынхтай харьцуулахад бага ус зарцуулдаг байна. Голоос ирж буй усыг яг тэр төвшнөөр нь цааш урсгадаг гэж ажилтнууд нь тайлбарлаж байгаа ч шөнийн цагт эрчим хүчний хэрэглээ багасдгаас голын урсац ч маш бага байдаг нь тогтоогдсон юм.

Хар ус нуураас эх аван урсдаг Тээлийн гол Завхан, Богдын голтой нийлэн Айраг, Хяргас нуурт цутгадаг аж. Гэтэл Завхан, Богд голын урсгал Тээлийн голтой нийлж амжилтгүй элсэнд шургалж татарч байна. Үүнээс үүдэн Айраг нуур эргээсээ 5000 метр, Хяргас нуур 100-200 метр татарчээ. Тээл голын голдирол эрэг дагуу олон загас үхсэнийг нутгийн иргэд ч гэрчилж байна. Ширгэж буй голын эрэг дагуу ургасан зэгэс ид халуун зунаар хатаж, эрэг дагуу буусан айлууд усгүйн эрхэнд нутгаа орхин дүрвэж байгаа дүр зураг энд харагдаж байгаа аж.

Завхан гол тасарснаас хойш эрэг хавиар 100 тонн загас үхсэн гэж Увс аймгийн Завхан сумын Засаг дарга батлан ярьж байна. Завхан голын усаар тэжээгддэг байсан Эрээн нуур ч ширгэх аюулд хүрчээ. Эргээсээ олон метр хол татарсан Завхан гол ахин хэзээ ч үерлэхгүй тул, Эрээн нуурыг ч ийм хувь тавилан хүлээж байна. Хөгжлөө даган иргэдэд гэрэлт ирээдүй ирэх ч ус мөрнөө сүйтгэж гэрэл гэгээг авах хүсэл хэнд ч байхгүй билээ.

О.Урантогос

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2474 санал өгсөн байна.

Дээшээ