Тайзнаа аргаж хатсан, цахиртаж сааралтсан хоолойгоор "ус, ус" хэмээн орилон мөлхөх жүжигчдийг харахад үнэхээр бодит зүйл мэт санагдаж өөрийн эрхгүй тэдний омголтож хатсан уруулд нь чийгтэй юм хүргэхсэн гэж бодсон.
Тэр бодлоосоо айх шиг болсон ч эх нутгийн минь ирээдүйг усгүй, ургамалгүй, хөрсгүй болгож байгаа мөнгөнөөс өөрийг үнэлэхээ больсон ухвар мөчид бодолтнуудад энэ жүжгийг үзүүлэх нь зүйтэй санагдав.
.. .Хүн нь ангаж цангаснаасаа болж наснаасаа хөгшин харагдаж тоо нь цөөрч, хөрс нь хагарч ангал мэт болж, хамаг ус нь газрын гүндээ шингэж ургамал нь хатаж элсэн цөл болсон ертөнцөд хоёр аймаг л үлдсэн аж. Хүний өөрсдийн буруутай үйлээс үүдсэн лай ланчгийг энэ хоёр аймаг үүрнэ. Суугуул хэмээх аймаг нь устай ч геннд нь өөрчлөлт орж эмэгтэй хүүхэд төрөхгүй удсан харин нөгөө аймаг нь усгүй тул бас л мөхлийн ирмэгт ирсэн. Энэ хоёр аймаг амьдрахын төлөө тэмцэж ус охид хоёроо солилцох ч хэрхэн удаан оршин тогтнож чадах билээ.
Балга усны төлөө ах дүүс хоорондоо муудалцаж, эх үрс, амраг хосууд салж байгаа уйтай тэр мөч бидний хажууд нэгэнт иржээ. Сэтгүүлч Б.Галаарид "Шар тэнгисийн тарчлаан" хэмээх энэ жүжигтээ 100 жилийн дараах монгол орны хувь заяаг харуулсан аж.
Жилийн дөрвөн улиралтай байсан монгол нутаг маань ганцхан улиралтай, элсээр шуурсан орчлон болж. Тэнд амьдрагсад өвөг дээдсээ хараан "Тэдний лайг бид үүрч байна" гэж зүхэж, эртний сайхан монгол нутгийн тухай домог ярьж цангасан сэтгэлээ түр боловч норгох аж. ...
Элсэн цөлд явж чадахаа байсан бэрийнхээ туйлдсан, өөрөө цангавч хайртай бүсгүйнхээ төлөө шаналах хүүгээ харсан эх ахлагчийнхаа устай дашмагийг хулгайлна. Уурссан олон тэднийг цээрлүүлж эх, хүү хоёрыг орхиод бүсгүйг авч одно. Шаналсан хоёр бие биенээ тайтгаруулж ядан байхад ээж нь хуртай зун, цастай өвөл, өвс ногоо соёолох хавар, тариан түрүүтэй намрын тухай үлгэр хүүрнэнэ. Хүү хэдийгээр хайртай бүсгүйгээ санаж, шаналавч 100 жилийн өмнөх домгийг сонсоод хэсэг хугацаанд ч болов цангахаа мартдаг.
Ургамал соёолох хөрс, ус, хур үгүй хүмүүсийн шаналж буйг удган мод, газар аав, ус эх, ургамал эгчээс хүн зоныг энэрэхийг гуйдаг. Хариуд нь газрын хаан, лусын хаан, ургамлын хатан гурав хүмүүс байгальтай зүй бусаар харьцаж байгааг харуулдаг.
.. ."Сайн уу сайд аа. Өө ажил бүтэмжтэй. Харин та дархан цаазтай тэр газрыг л нэг аваад өгөөч. Аан, шан харамж уу. Тэр бололгүй яахав ээ. Ахиухан юм өгнө гэсэн. Та тэр газрын нөөц нь ямар гэж санана аа. Ёстой хэчнээн жил идээд ч дуусахгүй шүү. За тэгээрэй. Би танд найдлаа шүү. За баярлалаа, их баярлалаа" хэмээн хажуудаа зогсч байгаа өндөр албан тушаалтантай ярьж буй мэт нахилзана.
"Өө, тэрийг чинь сэтгүүлчид л хөөрөгдөөд байгаа болохоос энд тийм шалгалт энэ тэр гэсэн юм байхгүй, хортой хоргүйг нь ч мэдэхгүй байгаа. Та Монгол руу гаргах вагоноо маргааш явуулчих. Гаалийн шалгалт уу. Тэрийг аргална аа аргална. Бат найдвартай" хэмээн улсаа хордуулах, хувааж идэх гэрээ төлөвлөгөөг боловсруулж байв...
Удган мод хэчнээн гуйвч тусыг эс олж эцэст нь уурссан байгаль түүнийг ч шийтгэн авч одно... Цангаж хатсан хүмүүс, ангал гартлаа хагарсан газар шороо зуун жилийн тэртээ бус маргааш айсуй.
С.Туул