Баялаг ихтэйн балгаар Дорноговь аймгийн Айраг сумын иргэд харийнханд дарлуулж, үйлээ үзэх болсон. Ашиг хонжоонд улайрсан хятадууд Монгол хүний амийг төрсөн нутагт нь бүрэлгэсэн аймшигт хэрэг хүртэл гарч байв.
Гэтэл өнөөдөр тус сумын иргэд, малчид ханаа шийрлэх газаргүй болоход хүрчээ. Тодруулбал, Айраг сумын газар нутгийн 93 хувьд ашигт малтмал хайх, ашиглах 90 орчим лиценз олгосон байгаа аж. Тэгэхээр нутгийн иргэд ердөө долоохон хувь газартай л үлдсэн гэсэн үг. Нэгэнт газар нутгийг нь ухаж төнхөх эрхийг төрөөс авчихсан хүмүүс лицензээ зүгээр хадгалаад суухгүй нь ойлгомжтой.
Өдөр шөнөгүй үйл ажиллагаа явуулж, ёстой л уулыг тал, талыг там болгосоор буй. Лиценз олгохыг шууд буруутгах нь утгагүй. Үүнээс тодорхой хэмжээний ашиг орлого улс оронд орж ирж л таарна. Гагцхүү үүсэх үр дагаварыг л нарийн тооцох шаардлагатай юм. Хэрвээ Монголын төр ийм аргаар ашиг олъё гэж эргэлт буцалтгүй шийдсэн бол тэр газар нутагт он удаан жил үе удмаараа амьдарч ирсэн хүмүүсийн асуудлыг бас давхар шийдэх учиртай шүү дээ. Гэхдээ яах вэ. Хожимдсон ч гэсэн Ерөнхийлөгч дахин лиценз олгохыг хориглоод хоёр сар болж байна. Хэрэв хориглоогүй бол Айраг сум одоо арчигдчихсан ч байх байсан юм билүү. Хэн мэдлээ.
Байдал өдөр ирэх бүр хүндэрч байгаа учраас нутгийн удирдлагын зарим ажилтан, сумын иргэдийн байгуулсан "Амин нутаг" төрийн бус байгууллагын төлөөлөгчид Улаанбаатар хотод оршин суугаа нутгийн зөвлөлтэй хамтран нутаг усаа хамгаалах, бүрэн бүтэн авч үлдэх талаар хэд хэдэн санал боловсруулж төрийн түшээд, эрх мэдэлтнүүдэд дуулгахаар болжээ.
Тэд уг саналаа Монгол Улсын Үндсэн хууль дахь "Монгол орны газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтыг эш үндэс болгон боловсруулсан гэнэ. Мөн төрийн хяналтгүй олгосон лицензүүдийг эргэж нягтлах, гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эрх олгох тохиолдолд заавал нутгийн иргэдтэй зөвшилцөж, зөвшөөрлийг нь авдаг болгох талаар дурьджээ.
Үүнээс гадна өдгөө зохисгүй үйл ажиллагаа явуулж, газар нутаг, байгаль орчин сүйтгэсэн хувь хүн, аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэх шаардлага тавьсан байна. Энэ талаар Айраг сумын иргэн, Д.Тогтохжаргал "Бидний төрж өссөн нутаг нүдэн дээр минь сүйрч байна. Байгалийн баялагт шунасан харийн доншуучид зөвхөн байгаль орчин сүйтгээд зогсохгүй нутгийн иргэдийг элдвээр хавчин гадуурхаж, басан доромжилдог болсон. Энэ байдлыг таслан зогсоох талаар төр дорвитой арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай байна. Мөн элэг нэгт Монголчуудын маань дэмжлэг маш их хэрэгтэй байгаа" хэмээн ярьж байв.
Ийнхүү төрийн түшээд иргэдийнхээ амьдрал ахуй, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бодолгүй ашигт малтмалын лицензийг зах замбараагүй олгосны балгаар Монгол Улсын бүхэл бүтэн нэг сумын 3500 гаруй иргэн нүүж, буух газаргүй, 70 мянган толгой мал нь идээшлэх бэлчээргүй болоход хүрээд байна.
Ч.Дашдэлэг