Цахим иргэний үнэмлэхийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ

Монголын мэдээ

2011-12-20 10:56 GMT+8

Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг өнгөрсөн оны долдугаар сараас улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Энэ сарын 1-ний байдлаар 16 ба түүнээс дээш насны иргэдийн 98 хувь буюу 1925772 иргэн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Энэхүү шинэчилсэн бүртгэл нь иргэдийг цахим үнэмлэхээр хангах ажлын үндсэн бэлтгэл болсон бөгөөд иргэдийн цахим мэдээллийн сан үүсээд байна гэж Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээлж байгаа юм.

Энэ тухай Нийслэлийн иргэний бүртгэлийн Хяналтын хэлтсийн дарга Г.Энхтайванаас тодрууллаа.

-Цахим иргэний үнэмлэхийг хэзээнээс олгож эхлэх гэж байна вэ?
-Цахим үнэмлэхийг ирэх сарын 26-ны өдрөөс 2012 оны зургадугаар сарын 20-ны өдрийн хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суусан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгохоор төлөвлөөд байна.

-Энэ үнэмлэхийн давуу тал нь юу вэ?
-Цахим мэдээлэл бүхий Иргэний үнэмлэхийг иргэнд олгосноор төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэнэ. Мөн бүртгэл, мэдээллийн үнэн бодит сан бий болон мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүү арилах, цахим Засгийн газрын үндсэн цөм систем буюу цогц бүртгэл, мэдээллийн систем бий болно гэх мэт давуу талтай.

Түүнчлэн цаашид иргэний шинэчилсэн бүртгэл, иргэний цахим үнэмлэхийн бэлтгэл ажлын үр дүнд бий болсон бүртгэлийн үнэн бодит мэдээллийн санд суурилсан бүртгэлийн мэдээллийг бусад төрийн байгууллага, иргэд байгууллага ашиглаж болох дундын өгөгдлийн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү дундын өгөгдлийн системийн үндсэн мэдээлэл нь Улсын бүртгэлийн мэдээлэл байх бөгөөд энэ санд нийгмийн даатгал, татвар, халамж гэх мэт бусад төрийн байгууллага холбогдон мэдээлэл оруулж тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээлэл солилцох боломжтой болох юм.

-Цахим иргэний үнэмлэхийг эхний удаад үнэ төлбөргүй олгоно гэсэн байх аа?

-Цахим үнэмлэхийг эхний ээлжинд иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон. Харин үнэмлэхээ аваад тухайн иргэн алдаж, гээсэн тохиолдолд одоогийн үнэмлэх авч буй ханш буюу 10 мянган төгрөг төлөөд дахин авах боломжтой.

-Цахим үнэмлэх олгоход иргэдийн зүгээс ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?
-Тухайн иргэн иргэний шинэчилсэн бүртгэл хамрагдсан байх ёстой. Мөн харьяаллын ямар нэгэн зөрчилгүй байх шаардлагатай.

-Цахим үнэмлэх олгохоос өмнө буюу энэ сарын 26-наас өмнө иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд яаралтай гаргаж авах шаардлагатай бол яах вэ?
-Тийм шаардлагатай иргэдэд тодорхойлолт өгч байгаа. Энэ тодорхойлолт нь цахим үнэмлэх тухайн иргэнд өгөх хүртэл хүчинтэй.

Д.Сүхбаатар

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2469 санал өгсөн байна.

Дээшээ