2019.05.30 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-05-30 18:30 GMT+8

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ “ҮДИЙН ХООЛ” БОЛГОХ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа.

Хуулийг баталснаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цай үдийн хоол болох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд нийт 300 гаруй тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай бөгөөд жилд дунджаар 65 орчим тэрбум төгрөг төсөвт суулгахаар төлөвлөжээ.

БЗД-ИЙН 79-Р ДУНД СУРГУУЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ШИНЭЧИЛНЭ

БЗД-ийн Ерөнхий боловсролын 79-р дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайг Азийн Хөлбөмбөгийн Холбооны санхүүжилтээр шинэчлэн барихаар болжээ. Хөлбөмбөгийн талбайг шинэчлэх ажил энэ жилийн намар буюу есдүгээр сарын 1-нээс өмнө дуусах юм байна.  

Тус талбай дээр 11 настай нэгэн хүү хөлбөмбөгийн хөндлөвч төмөр хаалгад даруулан амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн жилийн зун гарсан билээ. Энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин манай улсад айлчлахдаа 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинэчлэн тохижуулахаар амлалт өгөөд буцсан юм.

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИД АМИА АЛДСАН ДӨРВӨН ИРГЭНИЙ ГЭРИЙНХЭНД БАЙРНЫ ТҮЛХҮҮР ГАРДУУЛАВ

Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

Мөн талийгаачдын ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох ёстой 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг маргааш олгохоор болсон гэдгээ Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү энэ үеэр мэдэгдлээ.

ХҮСЭЛТ ГАРГАЖ, СУДАЛГААНД ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН МӨНГИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ОЛГОНО

Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор боллоо.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 оны эхний таван сарын байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байгаа юм. 

“ДИЙЛЭНХ ТОХИОЛДОЛД ХҮЧИРХИЙЛЭЛ БОЛСНЫ ДАРАА ХҮҮХЭД ӨӨРӨӨ 108 УТСАНД ДУУДЛАГА ӨГДӨГ”

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хэрхэн хамгаалдаг, хамгаалах байрны орчин, нөхцөл ямар байгааг нүдээр үзэхээр бид Хүүхдийн тусламжийн утас 108-ын түр хамгаалах байрыг зорилоо.

108 тусламжийн утас гурван шугамаар дуудлага хүлээн авдаг. Ачаалал ихтэй үед дөрөв, тав дахь дуудлагуудыг шууд хүлээн авах боломж байдаггүй ч залгасан дугаар програмд хадгалагддаг тул эргүүлэн залгадаг гэж оператор нь ярьсан юм. Дуудлага хүлээн авдаг оператор, харуул, үйлчлэгч, асрагч, сэтгэл зүйч нар нийлээд тус төвд 16 хүн ажилладаг байна.

108 утасны түр хамгаалах байрыг 2016 онд байгуулахдаа 22 ортой жилд 150-250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэж тооцоолсон. Гэтэл 2018 оны байдлаар 995 хүүхдэд хамгаалан байршуулах үйлчилгээ үзүүлсэн байна. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4309 санал өгсөн байна.

Дээшээ