2019.08.13: Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-08-13 19:00 GMT+8

Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэж байна.

  • "Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан. Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлсэн бөгөөд эдгээр иргэний мэдээллийг эрэмбэлж дууссан бөгөөд эхний шатанд тэнцсэн эсэх мэдээллийг хүргүүлж байгаа талаар Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээллээ. Мөн АТГ-аас түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зөвлөмжийг хотын даргад хүргүүлсэн юм.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр нийслэлд тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол илэрсэн бөгөөд хоёул тарваганы боодог идсэн байсныг онцоллоо. 
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэлтэй танилцлаа. Тодруулбал, “Дулааны цахилгаан станц-4”, “Дулааны цахилгаан станц-3”, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажил, “Сонгино” дэд станцын барилга угсралтын ажлын явцыг шалгасан юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний салбар компаниудын өвлийн бэлтгэл ажил 70 орчим хувьтай байгааг танилцууллаа. Мөн “Дулааны цахилгаан станц-IV”-ийн 1-4-р турбин генераторыг шинэчилж байна. Үүний эхний хоёр генератор энэ ондоо багтаад ашиглалт ороход хэрэглээний эх үүсвэр 46 мегаваттаар өснө гэдгийг дуулгалаа. 
  • АН-ын зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа Зам тээврийн хөгжлийн сайд болон холбогдох газрын дарга нарын өргөн бүрэлдэхүүнтэйгээр, нээлттэй хуралдлаа. Ингээд  Дарханы замын ажил, Дарханы болон Налайхын түр замын асуудалд онцгой анхаарал хандуулахыг салбарын сайдад анхааруулжээ. Мөн  Үндсэн хуулийн ажлын хэсэгт АН-ын зөвлөлөөс гурван заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Ардчилсан үндсэн хуулийг төгөлдөршүүлье гэвэл бид гурван зүйлд анхаарах ёстойгоо илэрхийлсэн талаараа мэдээлэв.
  • ГССҮТ-ийн 2019 оны долоодугаар сарын мэдээгээр тус эмнэлэг 11792 хүнд яаралтай тусламж үзүүлснээс 35.4 хувь буюу 4178 нь 0-15 хүүхэд байжээ. Осол гэмтэлд өртсөн нийт хүүхдийн 1973 нь гэртээ, 1032 нь гудамж талбайд, 302 нь биеийн тамир спортын талбайд, 516 нь хөдөө орон нутагт явж байсан аж. Эрүүл саруул төрсөн хүүхэд эцэг, эх асран хамгаалагчдын анхаарал болгоомжгүйгээс осолдож, насан туршийн өвчтэй болж хоцрох харамсалтай тохиолдол цөөнгүй байгаа учир томчуудад анхааруулах зорилгоор нарийн мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөөг ЭНД дарж уншина уу. 
GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ