ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар шийдвэрлэв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-05-04 19:25 GMT+8

Өнгөрч буй долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. 

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барихаар шийдвэрлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо.

Байгалийн түүхийн музейн газрыг хэн нэг нь хууль бусаар авах гэж байна гэж хардах хүн цахим орчинд багагүй байсан бол БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Одоогийн газар дээр нь долоон давхар музей барихаар болсон. Зураг төслийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр хийсэн" гэж мэдэгдэв. 

-
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлснийг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, дэмжлээ. Ингэснээр АТГ шинэ удирдлагатай болов.


-Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх намын удирдлагуудад батламж гардууллаа


Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгчээ. Үүнээс Иргэний Зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй, Монголын Хүний Төлөө Намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгээгүй
  байна. 

-"Холливүүд Монголд" олон улсын анхдугаар кино наадам лхагва гарагт Улаанбаатар хотод нээлтээ хийлээ. Энэ наадмын хүндэт зочноор Холливүүдийн 16 уран бүтээлч уригдсан бөгөөд фестивалийн нээлт Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн “Power of the actor” буюу монгол хэлнээ "Дүр бүтээх увдис" хэмээн орчуулан хэвлүүлсэн шинэхэн номын танилцуулгаар эхэллээ.

“Холливүүд Монголд” төслийн санаачлагч, жүжигчин А.Баярцэцэг, "Энэ долоо хоногийн хугацаанд уран бүтээлчид хоорондоо мэдлэг, мэдээлээ хуваалцах, цаашдаа Холливүүдийн уран бүтэээлчдийг татах, кино зураг авалтыг Монголынхоо сайхан нутагт хийдэг болох эхлэл тавигдаасай" гэж хэлсэн байна. Олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд пүрэв гарагийн үдэш  Шангри-Ла төвд "Cinema Awards" Монголын кино уран бүтээлчдийн шилдгийг тодруулах шагнал гардуулах ёслол боллоо.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 дугаар сарын 3-ны өдөр тохиолоо. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэд хэдэн хэлэлцүүлэг арга хэмжээ зохион байгуулсны нэг нь 1000 сэтгүүлчийн форум байв. МСНЭ-ийн Ерөнхийлөгч форумын үеэр Х.Мандахбаяр сэтгүүл зүйн салбарт тулгамдсан асуудлуудыг дэвшүүлэн тавихын зэрэгцээ шийдвэрлэх ямар гарч байгааг ч хэлж байв. Тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг чанаржуулан шигших цаг болсон" гэлээ. 


Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, Шинжлэх ухааны доктор, Профессор М.Зулькафильтай хийсэн "М.Зулькафиль: Цалин, хангамж нь муугаас болж сэтгүүлчид улстөрчдөд худалдагддаг, тэдний зарц болдог" ярилцлагын унших бол ЭНД дарна уу. 



 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ